МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргаж, Улсын Дээд Шүүхэд хүсэлтээ өгсөн. Уг асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл мэдэгдэл гаргасан бол өнөөдөр /2021.04.23/ МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүллээ
Тус шаардлагад:
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга та Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж, “Монгол Ардын Намыг тараах тухай” хууль бус захирамжаараа Үндсэн хуульт байгуулалд халдаж, ардчилсан, эрх зүйт төрийг үгүй хийх гэсэн үйлдлийг удаа дараа гаргалаа.
Монгол Ардын Нам нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжуудыг хүндэтгэлтэйгээр чанд мөрдөн ажилласаар ирсэн бөгөөд аливаа хууль бус үйлдэл гаргаагүй болохоо албан ёсоор мэдэгдэж, таны хууль бус захирамж, илгээлтэд дараах тайлбар, шаардлагыг өгч байна. Үүнд:
1. Монгол Улсын Үндсэн хуульт байгууллын үндэс нь Улсын Их Хурлын сонгуульд олонхын санал авсан нам, эвсэл Засгийн газраа байгуулж сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд оршдог. Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн дүнгээр Засгийн газраа байгуулсан эрх баригч намыг тараах санаархал нь Үндсэн хуульт төрийн эсрэг гэмт хэрэг болохыг анхааруулж байна. Ардчилсан нийгэмд ард түмний сонголт хамгийн эрхэм дээд шийдвэр байх учиртай. Улсын Их Хурал, Засгийн газрыг тарааж ганц хүний дарангуйлал тогтоох гэсэн аливаа оролдлогоо таслан зогсоохыг шаардаж байна.
2. Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар байгалийн баялгийн үр өгөөжийг Монголын ард түмэнд тэгш шударга хүртээх зарчмыг удирдлага болгож, хууль бусаар бусдын эзэмшилд байсан 900 гаруй лицензийг цуцалж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет, Багануур, Бор-Өндөр, Асгат, Салхит, Тост, Тосон Бумбын орд, Гутайн даваа, Хармагтайн орд, Ноён Уул зэрэг байгалийн баялаг, орд газар, үйлдвэр аж ахуйн газруудыг ард түмний мэдэлд буцаан авсан.
Үүний үр дүнд ахмад буурлуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн тог цахилгаан, дулаан, уур, ус, хогны зардлыг төрөөс хариуцаж, хүүхэд бүрд сар бүр нэг зуун мянган төгрөг олгож, Оюутолгойн ордын үр өгөөжөөс Монгол Улсын иргэн бүрдээ гадаад, дотоодод амьдарч байгаагаас үл хамааран гурван зуун мянган төгрөгийг хүртээсэн. Цаашид ч байгалийн баялаг, уул уурхайн ордуудынхаа үр өгөөжийг Монгол хүн бүр тэгш, шударга хүртдэг байх тогтолцоог бүрдүүлэхийн төлөө бид тууштай ажиллах болно. Харин танаас ард түмний өмч хөрөнгө, байгалийн баялгийг хууль бусаар олж авсан этгээдүүд, хууль хяналтын байгууллага дамжсан гэмт хэрэгтнүүдийг хаацайлахгүй байхыг хүсье.
3. Ардчилсан нам бол Монгол Улсын ардчиллын тулгуур баганын нэг юм. Гэтэл тус намыг Улсын бүртгэлийн байгууллага хагалан бутаргасан мэтээр олон нийтэд мэдээлсэн нь туйлын хариуцлагагүй үйлдэл мөн. Харин Ардчилсан намын хагарал бутралын суурийг таныг тавьсан гэж Ардчилсан намын удирдлага, жирийн гишүүд үзэж, өнөөдөр ч таныг шууд болон шууд бусаар намынхаа талцал хуваагдлыг өдөөсөөр байна хэмээн мэдэгдсээр байна. Бид иргэдийнхээ эвлэлдэн нэгдэх эрх чөлөөнд ямагт хүндэтгэлтэй хандаж ирсэн бөгөөд улс төрийн намуудын төлөвшил, парламентын ардчиллын төлөө цаашид ч тууштай зогсоно. Монгол Ардын Нам улс төрийн ууган хүчин, эрх баригч намын хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бүх намуудтай зөвшилцөж, Улсын Их Хурлаар хэлэлцэн батлуулах санаачлагыг гарган, нийгмийн хүлээлтэд нийцсэн олон намын тогтолцоог төгөлдөржүүлэхийн төлөө манлайлан ажиллах болно.
4. Ард түмний хэлдгээр шударга бусын хонгилын түлхүүрийг нэгээс нөгөөд шилжүүлдэг ёсыг халж, олон жил хүлээгдсэн шүүхийн шинэчлэлийг хийсэн нь энэ удаагийн парламентын чухал алхам боллоо. Улс төрөөс ангид, хараат бус шүүх эрх мэдэл ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлсэн явдал танд таалагдахгүй байгаа нь таны үг үйлдлээс харагдах боллоо. Хууль, хяналтын байгууллагыг ашиглан бусдын өмч хөрөнгийг дээрэмддэг, шударга иргэдийг хохироодог, өрсөлдөгчөө намнадаг явдал сүүлийн дөрвөн жилд улам бүр гаарч байгааг хохирсон иргэд үйл баримтаар нотлон ярьцгааж байна. Хувь хүн бус хууль засагладаг нийгмийн төлөө бид цаашид ч хатуу тэмцэх болно.
5. Төрийн байгууллага, албан хаагчдын хууль ёсны шийдвэрүүдийг өөрт таалагдаагүйн төлөө гүтгэн дайрч байгаа таны үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг ноцтой зөрчиж байна. Төр ард түмнийг холбож, улс төрйн намуудыг зөвшилцүүлж, улс төрийн тогтвортой байдал, үндэсний эв нэгдлийг хангах үндсэн үүрэгтэй албан тушаалтан болохыг тань дахин сануулж, эдгээр хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна" гэх шаардлагыг хүргүүллээ.