УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хуулийн төслийг батлав.
Хуулийн төслүүдэд, хөдөө аж ахуйд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын НӨАТ-ын болон гаалийн татварыг хөнгөлж, чөлөөлөхөөр тусгажээ. Мөн төслийн анхны хэлэлцүүлгээр гишүүнээс гаргасан саналын дагуу хүлэмжийн тоног төхөөрөмжийг хуулийн үйлчлэлд багтаахаар тусгажээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд үргэлжлүүлэн Төсвийн байнгын хороо хуралдаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн. Ингэхдээ, чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхын санал авсан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллыг төсөлд тусгажээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч, байр сууриа илэрхийлсний дараа НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг хэрэгжих хугацааг 2025 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл байх саналыг гишүүдийн олонх дэмжсэн. Харин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2022 оны 1-р сарын 1 хүртэл хэрэгжихээр тусгасан юм.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг эцэслэн батлахыг дэмжив. Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон 67 гишүүний 39 нь буюу 58.2 хувь дэмжлээ. Харин Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хуулийн төслийг гишүүдийн 40 нь буюу 59.7 хувь дэмжив. Ингээд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.
Ийнхүү дээрх хоёр хууль батлагдсанаар газар тариалангийн үйлдвэрлэлийн өсөлтийг тогтворжуулан тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхыг сайжруулах, шинэ дэвшилтэд техник технологи нэвтрэх, байгаль орчинд ээлтэй аргаар газар тариалан эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжин иргэдээ эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах нөхцөл бүрдэнэ.
Статистик мэдээгээр, энэ хууль хэрэгжсэнээс хойш нийт нэг их наяд 47.2 тэрбум төгрөгийн техник, 893.4 тэрбум төгрөгийн бордоо, ургамал хамгааллын бодисыг импортоор авч, нийт 281.4 орчим тэрбум төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн татварыг чөлөөлжээ. Ингэснээр, тариалан эрхлэгчдийн татварын дарамтыг ихээхэн багасгасан байна. Мөн үр тарианы техникийн шинэчлэл 65 хувьд хүрсэн ч төмс, хүнсний ногооны механикжуулах шинэчлэл хангалтгүй байгаагаас тарих, хураах, соортлох ажлын ихэнх хувийг гар аргаар гүйцэтгэж байна. Энэ нь зарцуулах хөдөлмөрийн нэмж өрсөлдөх чадварыг бууруулж байгаа юм.
Нөгөө талаар Коронавируст цар тахалтай холбоотойгоор газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын үнэ гадаад зах зээл дээр 30 орчим хувиар өссөн нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, технологийн ажилбаруудыг цаг хугацаанд нь хийх боломж хомстохын зэрэгцээ бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөлийг бий болгох эрсдэл дагуулж байгаа юм.