“Facebook” компани ойрын хугацаанд хэд хэдэн аудио функцыг нэвтрүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Тухайлбал, амьд харилцааг сонсох, харилцан ярианд шууд оролцох боломжийг олгодог “Clubhouse” хавсралтын ижил хувилбар болох “Live Audio Rooms” функцыг хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байна.
Үүнээс гадна “Facebook” компани хэрэглэгчдэд богино хэмжээний дүрс бичлэг хийж, түгээх боломжийг олгосон “Soundbites” хэмээх функцыг шинээр нэвтрүүлэхээр болжээ. Эдгээр функцыг ашиглан хэрэглэгч мөнгө олох боломжтой ч энэ нь бүх хэрэглэгчид үйлчлэх үү эсвэл зөвхөн олон дагагчтай хүмүүст үйлчлэх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
“Ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр зорьж буй өөр нэг төлөвлөгөө нь хэрэглэгчид “Facebook” нийгмийн сүлжээгээр дамжуулан шууд подкаст сонсох боломжтой болно” хэмээн тус компанийн тэргүүн Марк Цукерберг мэдэгдсэн байна.
Коронавирусний цар тахлын үеэр аудио хэлбэрээр харилцах боломжийг олгосон нийгмийн сүлжээг хүмүүс хэрэглэх нь түгээмэл болсон юм. “Clubhouse” нь хэрэглэгчид аудио хэлбэрээр харилцдаг нийгмийн сүлжээний шинэ төрөл юм. Нийгмийн уг сүлжээнд зөвхөн хэн нэгэн урьсан тохиолдолд нэвтэрч, ашиглах боломжтой бөгөөд хэрэглэгчид аль нэг сонирхолтой сэдвээр "өрөө" нээж, санал бодлоо солилцдог байна. Одоогоор нийгмийн уг сүлжээг зөвхөн “iOS” үйлдлийн систем дэмждэг ухаалаг гар утас эзэмшигчид ашиглах боломжтой аж.