БНСУ-ын үүрэн холбооны тэргүүлэгч оператор “SK Telecom” компани эмнэлгүүдэд “COVID-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлэх ажиллагааг автоматжуулахын тулд 5G сүлжээнд суурилсан дэлхийн анхны халдваргүйжүүлэгч роботыг худалдаанд гаргаж буйгаа өнөөдөр мэдэгджээ.
“SK Telecom” компани 5G сүлжээ ашиглан эмнэлгээр дангаараа явж, хүмүүсийн биеийн халууныг шалгаж, амны хаалтаа зүүсэн эсэхийг нь хянадаг роботыг “Yongin Severance” эмнэлэгтэй хамтран байршуулжээ. Мөн роботыг эмнэлгийн эргэн тойрон дахь нян бактерийг устгах хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэгч системээр тоноглосон байна.
Үүрэн холбооны оператор компанийн мэдээлснээр, робот байршил тогтоох системээрээ дамжуулан өвчтөнүүдийн хаана байгааг тогтоохоос гадна эмнэлэг дэх өвчтөнүүдийн бөөгнөрлийг хянах боломжтой ажээ. Энэхүү роботыг “SK Telecom”-ын “Keemi” брэндийн хөтөч роботод тулгуурлан бүтээжээ.
Өнгөрсөн онд тус компани нь “Omron Electronics Korea” компанитай хамтран халдваргүйжүүлэгч автомат роботыг бүтээж байжээ.