Алматы хотноо болж буй чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний 92 кг-ын жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Мөнхбаатарын Цогтгэрэл мөнгөн медаль хүртэв.
Тэрбээр шөвгийн наймд БНСУ-ын Гвон Хек Бумыг цэвэр, хагас шигшээд өсвөр үеийн дэлхийн аварга, залуучуудын Азийн аварга, эзэн орны Эльхан Ассадовыг 7:2-оор тус тус ялж шигшээд шалгарсан. Харин алтан медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга, Ираны Камран Гасемпурт оноогоор цэвэр /0:10/ ялагдав.
Түүний өрсөлдөгч нь алдарт Хасан Яздани Чаратитай нэг клуб, нэг багшийн шавь, Ираны шилдэг бөх юм. Өнгөрсөн сард тэд Токиогийн олимпын эрхийн төлөө дотооддоо халз барилдаад тун ойрхон оноогоор ялагдсан байна.
Чөлөөт бөхийн ОУХМ Доржхандын Хүдэрбулга 125 кг-д Узбекистаны Амиржон Нутфуллаевыг туршлага заан оноогоор /10:0/ цэвэр ялснаар Алматыгийн дэвжээнд манай эрэгтэй бөхчүүдийн хоёр дахь хүрэл медалийг авчирлаа.
Үндэсний бөхийн улсын отгон начингуудын нэг Д.Хүдэрбулгын Азийн аваргаас хүртсэн 6 дахь медаль болж байна. Тэрбээр өмнө нь тивдээ 2014 онд алт, 2020 онд мөнгө, 2012, 2013, 2016 онд хүрэл медаль хүртсэн юм.
Ази тивийн чөлөөт бөхийн АШТ-ий 74 кг-д ОУХМ Занданбудын Сумъяабазар Монголын эрэгтэй багийн анхны хүрэл медалийг авлаа. Тэрбээр 2014 оны өсвөр үеийн ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгө, 2019, 2020 оны Монгол Улсын аварга, үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клубийн тамирчин юм.
Энэ удаа 1/4 шигшээд дэлхийн аварга Японы Такүто Отогүрогийн төрсөн ах, өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальтай Кейсүкэ Отогүрог 4:2-оор ялсан ч хагас шигшээд 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Нуркожа Кайпановт 2:4-өөр ялагдсан.
Харин медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд Киргизийн Мансур Сиргак Уулуг 4:1-ээр ялсан юм. З.Сумъяабазар өнгөрсөн жилийн тивийн аваргад хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн медальт, Азийн хоёр удаагийн аварга Ираны Хоссейнханид ялагдсан билээ.