1960 онд байгуулсан Хамтын ажиллагаа, аюулгүй байдлын баталгааны тухай гэрээний хүрээнд АНУ Японыг цөмийн зэвсэг гэх мэт бүх хэрэгслээ ашиглан хамгаалахад бэлэн байгаагаа нотоллоо гэж хоёр орны удирдагчдын хэлэлцээний дараа гаргасан мэдэгдэлд дурджээ.
Энэхүү баримт бичиг нь Япон, АНУ-ын холбоотны харилцааны хууль ёсны үндэс суурь юм. Уг гэрээнд Вашингтон үй олноор хөнөөх зэвсгийг хэрхэн ашиглах талаар оруулсан байдаг аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ нарын хамтарсан мэдэгдэлд мөн Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын төлөө байгаа гэдгийг цохон тэмдэглээд, бүс нутагт гарсан аливаа зөрчил мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэхийг уриалсан байна.
Японы Киодо агентлагийн мэдээлж буйгаар, хоёр улсын удирдагчдын хамтарсан мэдэгдэлд сүүлийн 52 жилд анх удаа Тайванийн талаар шууд дурджээ. Хамгийн сүүлд 1969 онд Японы Ерөнхий сайд Сато Эйсаку, АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон нарын хэлэлцээний дараа гаргасан баримт бичигт Тайванийн талаар дурдаж байжээ.
Хоёр улсын удирдагчид мөн Хонконг болон Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны хүний эрхийн байдалд ихээхэн түгшиж байгаагаа илэрхийлэв. Үүнээс гадна, тэд Хамтын ажиллагаа, аюулгүй байдлын тухай гэрээний тавдугаар заалт нь Хятад улс өөрийн газар нутаг гэж нэхэмжилдэг Сенкаку аралд хамааралтай болохыг нотолсон байна.
Байден, Сүга нар мөн "Зүүн Хятадын тэнгисийн статус кво-г өөрчлөхөд чиглэсэн нэг талын аливаа үйл ажиллагааг" эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Тэд Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын хууль бус үйл ажиллагаа, нэхэмжлэлийг дахин эсэргүүцэв. Хоёр улсын удирдагчид Өмнөд Хятадын тэнгист үүссэн нөхцөл байдлыг олон улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулж, далай тэнгист чөлөөтэй зорчих байдлыг одоо хэрэгжиж буй НҮБ-ын Конвенцын хүрээнд баталгаажуулах ёстой гэж үзэж байна. Байден, Сүга нар мэдэгдэлдээ мөн БНАСАУ-ыг урьдын адил цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын төлөө байгаа гэдгээ илэрхийлээд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг биелүүлэхийг тус улсад уриалжээ.
Хоёр улсын удирдагчид Мьянмарын асуудлыг хөндсөн байна. Байден, Сүга нар Мьянмарын цэрэг, цагдаа нар энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэж байгааг эрс буруушаалаа.