Буянт-Ухаа спорт цогцолборт ор дэлгэж эхэлжээ

оруулсан Алсын Хараа

Коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэхээр Эрүүл мэндийн сайдын тушаалаар Буянт-Ухаа спорт цогцолборт ор дэлгэж байгааг албаны эх сурвалж мэдээллээ.

Тус спорт цогцолборт хэдэн ор дэлгэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

ХӨСҮТ ачааллаа дийлэхээ боливол Яармагийн 300 ортой эмнэлгээс эхлээд бусад эмнэлэгт COVID-19-тэй өвчтөнийг эмчлэх ор бэлдсэн гэдгийг өмнө нь НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа хэлж байсан удаатай. 

Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сарын 24-ний өдрийн Засгийн газрын хуралдааны дараа тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар:

  • 11 зочид буудалд 932
  • Дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300
  • Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200
  • Яармаг дахь спортын ордонд 400
  • Бөхийн өргөөнд 100 ор тус тус дэлгэхээр бэлдэж байгаа хэмээн мэдээлж байсан юм.

Халдварын тархалт эрчимжиж байгаатай холбоотой нөхцөл байдал улам хүндэрсээр байгааг өнөөдөр болсон ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр тус яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэлэхдээ "Хүндэвтэр, хүнд, нэн хүнд хүний тоо 28-30 дахин нэмэгдэж, хүний нөөцийн хувьд нэлээд төвөгтэй байдал үүссэн" хэмээн мэдэгдсэн.

Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон иргэний тоо 10,946 болсныг Эрүүл мэндийн яам мэдээлээд байгаа юм.

Сэтгэгдэл бичих