Ноолуурын бэлтгэлд зориулж, ноолуур боловсруулах ААН-үүдэд 200 тэрбум төгрөгийн зээлийг өнөөдрөөс олгож эхэлж байна.
Тодруулбал, энэ нь "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогт төлөвлөгөө"-ний хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгож буй 1 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл юм. Энэ удаагийн зээлийг ноолуурыг самнах, түүнээс дээш үйлдвэрлэлийн дамжлагад суурилсан үйлдвэрлэл эрхлэгч нарт олгоно гэдгийг ХХААХҮЯ-наас мэдэгдэж байна.
Манай улс жилд 10 мянган тонн ноолууран түүхий эд бэлтгэдэг. Энэ онд 9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоо гарчээ. Энэ хавар ноолуур бэлтгэлийн үнэ нэг кг нь 150 мянган төгрөгөөс эхлээд байна. Энэ нь дотоодын зах зээлд түүхий эдийн эрэлт өндөр, мөн гадаад зах зээлд самнасан ноолуурын үнэ өсөж буйтай холбоотой байгааг ХАА-н биржээс мэдээлж байна.
Энэ удаагийн зээлийг ноолуур самнах, түүнээс дээш үйлдвэрлэлийн дамжлагад суурилсан үйлдвэрлэл эрхлэгч нарт олгоно гэдгийг ХХААХҮЯ-наас мэдэгдэж байна.
Монгол Улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувийг анхан шатанд боловсруулж, угаасан байдлаар экспортолдог. Дэлхийн түүхий ноолуурын 45 хувийг хангадаг боловч “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой экспортолж буй ноолууран бүтээгдэхүүний дүнгээр дэлхийн зах зээлд 10 орчим хувийг эзэлж байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар ноолуурын экспортын хэмжээ 243,5 сая ам.доллар байв. Ноолуурын нийт экспортын 76 хувийг угаасан, 7 хувийг боловсруулсан ноолуур, 17 хувийг эцсийн бүтээгдэхүүн эзэлжээ.
Өнгөрсөн жил ноолуур бэлтгэлд зориулж 40 компанид зээл олгожээ. Гэвч салбарын ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 18 компани л зээл авсан байна. Зам, барилгын чиглэлийн зарим компани ноолуур бэлтгэж байна гэсэн нэрийн дор зээл авсан. Яг түүхий эд бэлтгэлээр ажилладаг ААН-үүд цөөн хамрагдсан, салбарын ЖДҮ эрхлэгч болон томоохон үйлдэрлэгч, боловсруулагч нар зээл авч чадаагүйг Монголын Ноос, ноолуурын холбооноос мэдээлж байна. Энэ нь нэг талаар банкуудаас тавьсан шаардлагатай холбоотой байсныг мэдэгдэж байна. Тиймээс удаагийн зээлийг ноолуурыг самнах, түүнээс дээш үйлдвэрлэлийн дамжлагад суурилсан үйлдвэрлэл эрхлэгч нарт олгоно гэдгийг ХХААХҮЯ-наас мэдэгдэж байна.