Халдварын тохиолдол огцом ихсэж, хоёр хүн нас барав

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 1220 хүнд халдвар илэрлээ. Энэ нь дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш хамгийн их халдвар илэрсэн өмнөх өдрийн үзүүлэлтээс бараг 50 хувь нэмэгдсэн тоо юм.

Шинээр илэрсэн тохиолдлын 1094 нь Улаанбаатар хотод, 114 нь аймаг, орон нутагт, эмнэлгээс шалтгаалсан хоёр халдвар бүртгэгджээ. Харин гадаадаас 10 тохиолдол зөөвөрлөгджээ.

Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 17 823 болж байна. Сүүлийн 24 цагт 366 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо  10 253 боллоо.

Өнгөрсөн хоногт коронавирусээр халдварласан 49, 44 настай эрэгтэй нас баржээ. Тэдний нэгийнх нь онош энэ сарын 13-ны өдөр батлагдсан бол 44 настай эрэгтэйн хувьд СБД-ийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад биеийн байдал нь хүндэрсэн байна. Ингэснээр коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 29, хавсарсан өвчтэй нийт 34 боллоо.

Сэтгэгдэл бичих