Aнгараг гараг дээр “Ingenuity” нисдэг тэрэгнийхээ эхний туршилтын нислэгийг хийх хугацааг дөрөвдүгээр сарын 14 хүртэл хойшлуулснаа АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ ням гарагт мэдэгджээ.
Дэлхийгээс өөр гараг дээр хийх анхны алсын удирдлагатай нислэгийг дөрөвдүгээр сарын 11-нд товлоод байсан юм. Гэвч баасан гарагт хийсэн роторуудын туршилт урьдчилан тооцоолж байснаас эрт дууссан тул ийнхүү нислэгийг хойшлуулсан байна.
“NASA”-гийн мэдээлснээр, нисдэг тэрэгт ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй байна. Одоогийн байдлаар мэргэжилтнүүд туршилтын үеэр гарсан доголдлыг тодорхойлж байгаа бөгөөд бүрэн оношилсныхоо дараа нислэгийн товыг шинээр танилцуулах ажээ.
“NASA”-гийн “Perseverance” сансрын аппарат Улаан нүдэн гаргийн “Jezero” тогоонд хоёрдугаар сарын 18-нд газардсан юм. Энэхүү аппаратад бэхлэгдэн буусан “Ingenuity” нисдэг тэргээр Ангараг дээр 30 хүртэлх хоногийн турш туршилт хийхээр төлөвлөж байна.