Дэлхийн хамгийн том онлайн худалдааны компани Алибабаг Хятадын засгийн газрын зохицуулах байгууллага $2.75 тэрбумтай тэнцэх мөнгөөр торгожээ.
Энэ нь тус улсын түүхэнд байгаагүй өндөр торгууль юм. Алибабаг олон жилийн турш зах зээлд давуу байдлаа ашиглан шударга бусаар өрсөлдсөн гэж буруутгажээ.
Алибаба торгуулийг хүлээн зөвшөөрч, алдаагаа засаж залруулахаа мэдэгдсэн байна. Тус компани нь Хятадын зах зээлд маш том тоглогч болсон бөгөөд дотоод зах зээлдээ Amazon-ийг eBay-тэй нийлүүлсэн мэт хэмжээтэй гэж судлаачид дүгнэдэг.
Сүүлийн үед онлайн худалдаанаас гадна төлбөр тооцоо, зээл, үүлэн технологийн бизнест үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм.
Энэ удаагийн торгуулийн хэмжээ нь Алибабагийн 2019 оны орлогын 4 хувьтай тэнцэж байна.
Өөртэй нь гэрээ байгуулах жижиг бизнес эрхлэгчдэд бусад өрсөлдөгч платформуудтай ажиллахгүй байх шаардлага тавьж байсан нь торгуулах гол шалтгаан болжээ.
Алибабагийн үүсгэн байгуулагч Жэк Ма өнгөрсөн оны аравдугаар сард болсон нэгэн чуулганд оролцохдоо Хятадын засгийн газрын зохицуулалтын орчныг хурцаар шүүмжилсэн юм.
Үүний дараа эрх баригчид Алибабагийн үйл ажиллагааг төдийгүй Хятадын бусад интернэт компаниудыг ч бас шалгаж эхэлсэн юм. Өнгөрсөн сард монополийн эсрэг хуулийг зөрчсөн шалтгаанаар 12 компани торгуулсны дотор Tencent, Baidu, Didi Chuxing, ByteDance зэрэг томоохон компаниуд багтжээ.
Эх сурвалж: BBC