Цэргийн ...дугаар ангиасаа оргосон цэргүүдийг Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс өнөөдөр 10.20 цагт олж тогтоон ямар нэгэн эрсдэлгүй баривчилсан тухай ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү мэдээлэв.
Энэ сарын 8-ны 18.00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн 0214 дүгээр ангийн дөрөвдүгээр заставт манаанд гарч байсан байлдагч Х, М нар үүргээ гүйцэтгээд, харуулын байран дээр ирж ээлж солих үеэр харуулын даргаа буудан хөнөөгөөд, галт зэвсэг, 45 сумтай оргосон. Хилийн харуулд хамт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Д, Т нар хилийн салбарын зүг зугтаж, энэ хэргийн талаар мэдээлжээ.
Оргосон байлдагч Х, М нар нь зэвсэглэсэн бөгөөд айлын мотоциклыг гуйж аваад, цааш зугтаасан байна. Алтай сумаас 50 км-ийн зайд "Хонхор заг" гэх газарт унаж явсан мотоциклоо орхисныг нь энэ сарын 9-нд тогтоогоод байсан юм.
Говь-Алтай аймгийн цагдаагийн газар, тагнуулын байгууллага болон Алтай отрядад байгаа ангийн бие бүрэлдэхүүн хамтран оргосон цэргүүдийг эрэн хайх ажиллагааг явуулсан байна.