БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй лхагва гарагт утсаар ярилаа.
БНХАУ Монгол Улстай сайн хөршийн харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай байдлыг үргэлжлүүлэн хадгалж, стратегийн харилцаагаа хөгжүүлж, бодит хамтын ажиллагааг, ялангуяа цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүсэлтэй байна гэж Ли Көчян хэлэв.
Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Хятад-Монголын харилцааны ач холбогдлыг онцлоод, талууд хилийн боомтуудаар дамжих ачаа тээврийг хэвийн хэмжээнд хүргэх ажлыг түргэвчилж, томоохон төслүүдийн хүрээнд өрнөж буй хамтын ажиллагааг сайжруулах нөхцөлийг бүрдүүлж, хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахын төлөө хүчин чармайлт гаргах хэрэгтэйг тэмдэглэн хэлжээ.
Мөн байгаль орчны асуудлуудад хил хязгаар байдаггүй тул БНХАУ байгаль орчныг хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх, хянах чиглэлд Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байгааг Ли Көчян илэрхийлжээ. Түүнчлэн БНХАУ эдийн засгаа сэргээхэд нөлөөлж буй үндэс суурийг улам бэхжүүлж байгааг онцлоод, манай улсын эдийн засаг дэлхийн эдийн засагтай нягт уялдаж байна хэмээн хэлэв.
“Бид олон улсын эдийн засгийн нөхцөл байдалд гарч буй өөрчлөлтүүдийг анхааралтай ажиглаж, таатай орчныг бий болгоход анхаарч байгаа бөгөөд эдийн засгийн хөгжлөө урт хугацаанд тогтвортой хадгалахыг зорьж байна. Энэ нь Хятад-Монголын хамтын ажиллагаанд олон боломж бололцоог нээхийн сацуу хоёр улсын ард түмэнд ч ашиг тусаа өгнө” хэмээн тэрбээр нэмж хэлжээ.
Үүний хариуд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улс БНХАУ-тай сайн хөршийн, найрсаг харилцааг урт хугацааны турш хөгжүүлсээр ирснийг онцлон тэмдэглээд, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, ногоон хөгжлийг дэмжиж буйгаа илэрхийлэв.
Мөн Монгол Улс БНХАУ-тай хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлж, цар тахлын эсрэг тэмцэх, хил орчмын худалдаа, байгаль орчныг хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, томоохон төслүүдийн хүрээнд өрнүүлж буй хамтын ажиллагааг өргөжүүлэхийн сацуу Монгол-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлэх хүсэлтэй байна хэмээн хэлжээ.