Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар энэ сарын 10-25-нд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн “улаан” түвшинд шилжих шийдвэр гаргав. Уг шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Ирэх сарын 1-нээс хил нээх үү?
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ирэх сарын 1-нд Монгол Улс агаарын хилээ нээнэ. Гэхдээ зөвхөн хоёр тун вакцинд хамрагдсан иргэдийг л оруулахаар төлөвлөж, ажлын баг гарган ажиллаж байна. Энэ бол хоёр ач холбогдолтой. Нэгдүгээрт, эдийн засагт хэрэгтэй. Хоёрдугаарт, Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлыг агаарын хил нээснээс хойш хочр сарын дотор ашиглалтад оруулах гэрээтэй. Долоодугаар сарын 1 гэхэд Монгол Улс хүн амаа бүрэн вакцинжуулах нь олон улсад эерэг мессеж болно. Энэ нь Монголд олон жуулчин ирэх сэдэл болно. Тэгэхээр бид нисэх онгоцны буудлаа наадмын өмнө ашиглалтад оруулахыг зорьж байгаа. Аялал жуулчлалын салбарынхан ч үүнийг хүсэж байгаа.
-Ажлын байр дэмжих 2 их наядын хүрээнд олгож буй зээл зорилтот бүлэгтээ хүрч чадаж байгаа юу?
-Сангийн сайд Б.Жавхлан: Төсвийн бодлого, мөнгөний бодлого нийцэж байхын төлөө ажиллаж байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх хөтөлбөр бол зөвхөн зээл биш. 3 хувийн хүүтэй зээл бол зөвхөн нэг хэсэг нь. Засгийн газар албан ёсоор хэрэгжүүлж эхэлснээс хойш 400 тэрбум гаруй төгрөгийн зээлийг 5000 гаруй иргэн, аж ахуйн нэгжид өгсөн байна. Энэ бол эзэндээ очиж байгаа. Үүний дүнд эдийн засагт нааштай үзүүлэлт гарч байна. Төсвийн орлого хоёрдугаар сард 70-80 хувьтай байсан бол гуравдугаар сард 90 хувьд хүрсэн. Ер нь бол Монгол Улсын төсвийн гүйцэтгэл эхний хоёр улиралд дутуу гардаг, сүүлийн хоёр улиралд үүнийгээ нөхдөг онцлогтой. Одоо 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь маш нааштай үзүүлэлт бөгөөд баталсан төсвийн хүрээнд орлого, зарлагаа тэнцүүлээд явах боломж байна.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Макро эдийн засгийн асуудал бол өргөс авсан мэт нэг дор үр дүн нь мэдрэгдэхгүй. Ямартай ч эерэг хандлага руу явж байна. Би ОУВС болон Дэлхийн банкны удирдлагуудтай уулзсан. Аж ахуйн нэгж, иргэн зээл авах боломж бүрдэнэ гэдэг нь эдийн засгийн хувьд таатай үзүүлэлт. Тиймээс жил орчмын дараа үр дүн нь эерэгээр мэдрэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Манай Засгийн газар байгуулагдаад 100 хоног ч болоогүй байна.
-Монгол Улс халдвар оргил үедээ хэзээ хүрэх вэ. Нийт хүн амын хэдэн хувь халдварлах эрсдэлтэй байгаа талаар судалгаа гаргасан уу?
-Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрдэмтэн судлаачид ирэх сарын хоёр дахь долоо хоног гэж тооцож байгаа. Энэ үед батлагдсан тохиолдол 60-70 мянгад хүрч, хоногт 3000-аас дээш халдвар бүртгэгдэнэ судалгаа бий.