АНУ-ын Хавай муж улс нь насанд хүрсэн бүх иргэнээ “COVID-19”-ийн вакцинжуулалтад дөрөвдүгээр сарын 19-нөөс хамруулж эхлэх үүрэг амлалт өгсөн 50 дахь муж улс болжээ.
Ерөнхийлөгч Жо Байден насанд хүрсэн бүх иргэнийг вакцинжуулж эхлэх хугацааг өмнө нь товлож байсан тавдугаар сарын 1-нээс хоёр долоо хоногийн орчмын өмнөөс эхлүүлэх боломжтой болсныг саяхан мэдэгдсэн юм.
“Хавайд дөрөвдүгээр сарын 19-нөөс 16 болон түүнээс дээш насны бүх иргэн вакцинжуулалтад хамрагдах боломжтой болно” гэж тус муж улсын Эрүүл мэндийн газрын олон нийттэй харилцах албаны дарга Жанис Окубо “CNN” сувагт лхагва гарагт мэдээлжээ.
АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар одоогийн байдлаар гурван вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгоод буйгаас “Pfizer/BioNTech”-гийн вакциныг 16-аас дээш насныханд, “Moderna”, “Johnson & Johnson”-ы вакциныг 18-аас дээш насныханд тарьж байгаа юм.