УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран танилцуулахдаа, УИХ-ын 2021 оны 07 дугаар тогтоолоор, “Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн товыг 2021 оны зургадугаар сарын 9-нөөр тогтоосон. Мөн УИХ-ын 08 дугаар тогтоолоор сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах ажилд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхээр болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороог тус бүр 9 гишүүн буюу нийт 198 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Харин энэ сарын 10-нд сум, дүүргийн 339 сонгуулийн хороо байгуулах бол ирэх сарын 10 гэхэд хэсгийн 2087 хороог байгуулах юм байна.
Сонгуулийн хороодод нийт 21 354 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллана. Харин Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажлын хүрээнд санал тоолох 2750 төхөөрөмжийг засварлаж ашиглахад бэлэн болгожээ. Мөн серверийн шинэчлэлийг сайжруулах, сонгуулийн дүн дамжуулах сүлжээний найдвартай байдлыг хангах, санал авах байруудад байрлуулах хяналтын камеруудыг бэлэн болгох зэрэг бэлтгэлийг хангаж байна. Сонгуулийн техник, санал тоолох төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг 2600 гаруй хүнтэй мэдээллийн технологийн баг хариуцна.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулах цахим хуудасны программ хангамжийг боловсронгуй болгох, хөгжүүлэх, сайжруулах ажлыг хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 1-ний хооронд хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн гадаад улсад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг хүргүүлэхтэй холбоотой дундын мэдээллийн санд ажиллах программ хангамжийг шинээр боловсруулж, Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв комисст урьдчилсан байдлаар танилцуулаад байна гэдгийг хэллээ.
Сонгогчдын нэрийн жагсаалтад нийт хоёр сая 159 мянга 203 сонгогч бүртгэсэн бөгөөд үүнээс нэг сая 142 мянга 705 сонгогч нь орон нутагт, нэг сая 16 мянга 498 сонгогч нь нийслэлд бүртгэгдээд байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга танилцуулав.
Хуульд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр www.burtgel.gov.mn цахим хуудсанд байрлуулж, энэ талаарх мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны цахим хаягаар нийтэд мэдээлсэн гэдгийг танилцуулгад дурдлаа.
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны “Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох тухай” А/215 тоот тушаалаар 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сонгуулийн дүнг нийтэд мэдээлэх өдрийг дуустал хугацаанд иргэний шилжилт хөдөлгөөний зогсоохоор зааж, энэ тухай нийтэд мэдээлж ажиллаж буйгаа тодотголоо.
Эцэст нь тэрбээр цар тахлын улмаас улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан сонгуулийн техник хэрэгслийг сонгуулийн хэсгийн хороодод түгээх, итгэмжлэгдсэн ажилтанд зориулсан сургалтыг танхимаар зохион байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлэхэд хүндрэлтэй нөхцөл үүсэх магадлалтай гэдгийг дурдав. Мөн сонгуулийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа хэвлэх болон биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/-ийг унших төхөөрөмж, бусад дагалдах хэрэгслийг анх 2012 онд авснаас хойш шинэчлээгүй байгаа; Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.7, 60.8 дахь хэсэгт заасан тохиолдолд иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан сонгогчийн тухайн цаг үеийн гэрэл зургийг авч, овог, нэр, регистрийн дугаар болон бүртгэлийн хуудас олгосон цаг, минутыг тэмдэглэсэн цаасан болон цахим архив үүсгэхээр байгаа заасан хэдий ч сонгуулийн санал авах өдөр сонгогчийн тухайн үеийн гэрэл зургийг авах техник хэрэгсэл байхгүй зэрэг хүндрэлтэй асуудал байгааг хэлж байв.
Дараа нь Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал С.Золжаргал цахимаар оролцож, тус яамнаас авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийсэн юм.
Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтарч байгуулахаар хуульчилсан. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг зохион байгуулж явуулах үүрэг бүхий төв комиссыг долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулаад байгаа. Төв комисс хоёр удаа хуралдаж, дэлхийн 30 улсад иргэдийнхээ санал авах ажлыг зохион байгуулах салбар комиссыг 187 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан тухай тэрбээр дурдав. Гадаад харилцааны яам хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад мэдээлэл, арга зүйн зөвлөмж, чиглэл өгөх, тэднээр дамжуулан иргэддээ мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж байна. Хамгийн гол нь шууд нислэг хийхгүй байгаа тул саналын хуудсыг заасан хугацаанд цаг алдалгүй хүргүүлэхэд анхаарч, энэ талаар холбогдох байгууллагуудтай ярилцаж, гарц боломжийг эрэлхийлж байгааг дурдлаа.
Хуулийн дагуу төв комиссыг ажиллах байр, нөхцөл, боломжоор хангах үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, салбар комиссыг ажиллах байр, нөхцөл, боломжоор хангах үүргийг тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар хүлээх аж. Төв комисс нь Сонгуулийн ерөнхий хорооны шууд удирдлагын доор сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгуулах бол салбар комисс нь төв комиссын шууд удирдлагын доор гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах юм.
Мэдээллүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Пүрэвдорж, Ж.Мөнхбат, Г.Ганболд нар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Гадаад харилцааны яамны төлөөллүүдээс асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж байр сууриа илэрхийлэв.
Хуралдааны төгсгөлд Дэд хорооны дарга Г.Ганболд хэлэхдээ, гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн гаүруудад саналын хуудсыг саадгүй хүргэх асуудлыг цаг хугацааны хувьд сайн анхаарах, сонгууль зохион байгуулахтай холбоотой танхимын сургалтыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахимаар явуулах боломжийг хайх, санал тоолох техник, төхөөрөмжийг алслагдсан, сүлжээгүй орон нутгийн хэсгийн хороодод хэрхэн хүргүүлэх, найдвартай байдлыг хэрхэн хангахад анхаарч бэлтгэхийг сайн хангахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов. Мөн тэрбээр энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсож танилцлаа. Цаашид тодорхой санал байвал Байнгын хороо, Засгийн газарт уламжилж шийдүүлэх боломжтой гэдгийг дуулгав.