Улсын хэмжээнд ирэх жилүүдэд ипотекийн зээлийн 25-30 хувийг аймаг, орон нутагт олгохоор төлөвлөж байна.
Ипотекийн зээлийн шалгуурыг хэрхэн хангаж буйг судалж үзэхэд аймаг, орон нутагт харилцан адилгүй гарчээ. Орон нутаг дахь банкны үйлчилгээний хүртээмж, нэг хүнд оногдох хадгаламжийн хэмжээ, иргэдийн худалдан авах чадвар, ажиллах хүч, хүн амын өсөлт зэргийг судалж үзэхэд Орхон аймаг бүх үзүүлэлтээр өндөр гарчээ. Тиймээс тус аймагт өнгөрсөн онд 600 айлын орон сууц барьжээ. Удаалаад Дархан-Уул, Өмнөговь, Өвөрхангай гэсэн ажиллах хүч, хүн ам ихтэй аймгууд оржээ. Гэтэл Булган аймагт өнгөрсөн жил 40 айлын орон сууц барьжээ. Энэ мэтээр эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, чадвараас хамаарч аймгуудад барих орон сууцны тоо харилцан адилгүй байна.
Мөн зарим аймагт иргэдийн зээлийн эргэн төлөлтийн чадвар сул гарчээ. Хэдий ийм харилцан адилгүй хэмжээнд байгаа ч аймаг, орон нутгийн иргэдийг ипотекийн зээлд хамрагдах боломжоор хангахаа БХБЯ мэдэгдэж байна. Гэхдээ дээр дурдсан аймгуудын ялгаатай нөхцөл байдлыг харгалзан орон нутагт хуваарилах ипотекийн зээлийн хэмжээг судалгаатай өгөхгүй бол тэгшитгэх байдлаар хуваарилах боломжгүй байгааг онцолж байна.