Монгол Улс Засгийн газар “Ковид-19” халдварын урьдчилан сэргийлэх вакциныг иргэддээ 2021 оны хоёрдугаар сараас хийж эхэлсэн билээ. Вакцинжуулах үйл ажиллагааг ЭМЯ-наас зохион байгуулан, бүх үйл явцыг бүрэн цахимжуулан ажиллан байна. Үүний дагуу иргэд өөрийн хийлгэсэн вакцины талаар бүрэн мэдээлэл, үйлчилгээний байгууллага, албан байгууллагууд үйлчлүүлэгч, хэрэглэгчийнхээ вакцин хийлгэж дархлаа тогтсон эсэх талаар цахим хэлбэрээр шуурхай авах боломжтой боллоо.
- Иргэн нь цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-д нэвтэрч орсноор өөрийн хийлгэсэн вакцины нэр, үйлдвэрлэгч, хийлгэсэн он сар өдөр, ямар эрүүл мэндийн байгууллагаар хийлгэсэн зэрэг мэдээллээ харах боломжтой.
- Үйлчилгээний болон албан байгууллага нь үйлчлүүлэгчдийгээ халдвараас сэргийлэх зорилгоор тухайн үйлчлүүлэгч иргэний вакцины хийлгэсэн эсэх талаар мэдээллийг “e-Mongolia” системээр нэвтэрч орохгүй шуурхай шалгах боломжтой. Энэ тохиолдолд өөр иргэний эрүүл мэндийн мэдээлэлд хандаж буй тул зөвхөн хэдэн тун вакцин хийлгэсэн, баталгаажсан талаар товч мэдээллийг харна. Шаардлагатай гэж үзвэл тухайн иргэн “e-Mongolia” аппликейшнээрээ нэвтэрч орон бүрэн мэдээллийг харуулах боломжтой.
Вакцины гэрчилгээ ийнхүү цахим хэлбэрт шилжсэнээр иргэд нийтээрээ хэвийн горимд шилжин ажиллах бололцоо бүрдэх юм. Вакцины гэрчилгээгээ та “e-Mongolia” системээс албан форматын дагуу лавлагаа хэлбэрээр монгол болон англи хэл дээр авах боломжтой.
Өнөөдрийн байдлаар нийт 414,382 иргэн вакцинд хамрагдаад байгаа бөгөөд 5 сарын 1-ны өдөр гэхэд Улаанбаатар хотын насанд хүрсэн бүх иргэнийг вакцинжуулалтын эхний тунд хамруулах зорилт тавин ажиллаж байна.