/Yonhap/. БНАСАУ Токиогийн Олимпын наадамд оролцохгүй гэдгээ мэдэгдэв. Ингэснээр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө хэлэлцээг сэргээх сүүлийн боломжуудын нэгийг үгүй хийлээ гэж шинжээчид үзэж байна.
Энэхүү шийдвэр нь Пёньян хэлэлцээг ойрын хугацаанд сэргээхийг эрмэлзэхгүй байгааг БНСУ-д төдийгүй АНУ-д илтгэн харуулснаас гадна удаан хугацааны турш зогсонги байдалд ороод буй цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээний хэтийн төлөвийг улам бүрхэг болгожээ.
“Үндэсний олимпын хороо тамирчдаа коронавирусний цар тахлаас хамгаалахын тулд ирэх долоодугаар сард эхлэх Токиогийн Олимпын наадамд оролцуулахгүй байх шийдвэрийг өнгөрсөн сард болсон хурлынхаа үеэр гаргасан” гэж БНАСАУ өнөө өглөө мэдэгдсэн юм.