"ЭТТ Бонд"-ыг танилцуулав

оруулсан Алсын Хараа

"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас дотоодын хөрөнгийн зах зээлд гаргаад буй "ЭТТ Бонд"-ыг танилцуулах уулзалт МҮХАҮТ-д өнөөдөр цахимаар боллоо. Цахим хурлыг УУХҮЯ, "ЭТТ" ХК, үнэт цаасны "Би Ди Сек" болон MICC ХХК-иуд хамтран зохион байгуулж, МҮХАҮТ-ын гишүүн компаниуд, бизнесийн төлөөлөл оролцлоо.

Засгийн газраас энэ оны 2 дугаар сарын 17-нд гаргасан 42 дугаар тогтоолоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Уг төлөвлөгөөнд “Дотоодын үнэт цаасны зах зээлд өрийн бичиг “ЭТТ Бонд” гаргаж, уул уурхай, зам, тээврийн салбарын томоохон бүтээн байгуулалтын төслийг 2021 оны эхний хагас жилд багтаан эхлүүлэхээр тусгасныг "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас танилцууллаа.

Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станц, холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр “ЭТТ Бонд”-ыг МҮХАҮТ-ын нийт гишүүн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнд ийнхүү танилцуулж, санал болгов.

УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, "ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар оролцож танилцуулга, бондын талаар байр суурь, саналаа хэлэв. Тухайлбал, МҮХАҮТ-ын тэргүүн хэлэхдээ, "ЭТТ" ХК дотооддоо бүтээн байгуулалт хийх бондыг гарган танилцуулж буй  нь манай улсын эдийн засгийг "COVID-19"-ийн хүнд хэцүү нөхцөлд тэлэхэд нэмэртэй, төр-хувийн хэвшил өөрсдийн хувь нэмрээ оруулах, цаг үеэ олсон чухал алхам болж байна гэдгийг онцоллоо.

"ЭТТ Бонд"-той холбоотойгоор одоогийн байдлаар 40 гаруй компани, байгууллага, бизнесийн болон хөрөнгө оруулалтын төлөөлөл "ЭТТ" ХК-ийн удирдлагатай уулзаад байгааг компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг цахим хурлын үеэр мэдээллээ. Тэрээр энэ талын уулзалт, танилцуулга, бодит мэдээлэл өгөх, авах байдал, "ЭТТ" ХК-ийн санхүүгийн тайлан, худалдан авалт, борлуулалт зэрэг үйл ажиллагааны мэдээлэл нээлттэй гэдгийг илэрхийлэв.

"Манай компани ирэх 5 жилд 32 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллана. Энэ нь манай өнөөгийн эдийн засгийг 1.5 дахин тэлэх үзүүлэлт болно. Мөн 50 их наяд төгрөгийн өөрийн үнэлгээ бүхий компани болж хөгжих боломжтой, үүний төлөө ажиллаж байна. Энд та бүхэн хувь нэмрээ оруулж хамтран ажиллана уу" гэдгийг тэрээр онцолж уриалсан юм.

"ЭТТ" ХК-ийн хувьцаатай иргэд мөн бондтой болох боломжтойг тодотголоо.

Өнөөдрийн цахим хуралд бизнесийн 80 гаруй төлөөлөл оролцож "ЭТТ Бонд"-ын талаар мэдээлэл авав. Тус бондын захиалгын 80 гаруй хувийг борлуулаад байгаа талаар Монголын Хөрөнгий биржээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих