Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд хохирол учруулсан Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн талаар өмнө нь мэдээлсэн. Хэрэг гарсан шөнө Улсын начин Э.Энхбат тархиндаа хүнд бэртэл авсан тул ГССҮТ-д хүргэгдэж, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа талаар түүний эхнэр Б.Нандинцэцэг хэвлэлд хандсан.
Улсын начин Э.Энхбатын биеийн байдлын талаар ГССҮТ-ийн захирал Э.Галбадрахаас тодруулахад “Эмийн эрчимт эмчилгээ хийж байгаа” гэх мэдээллийг өглөө.
Олимпийн аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг өчигдөр өмгөөлөгч Л.Данзанноровын хамт мэдүүлэг өгч, тархины дотуур гэмтэлтэй гэсэн үндэслэлээр “Интермед” эмнэлэгт эргэн хэвтсэн байна.
Тус хэргийн талаар Улсын начин Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг хэвлэлд хандан мэдээлэл өгөхдөө "Миний хань одоо сэхээнд, биеийн байдал маш хүнд байна. Н.Түвшинбаяр миний ханийг хэрцгийгээр зодож гэмтээсэн. Хань минь тархиндаа маш хүнд гэмтэл авч, тоолж баршгүй олон оёдол тавиулсан" гэсэн юм.