Ц.Тувааны талын Ардчилсан намын ээлжит бус бага хурал өнөөдөр /2021.04.03/ болж, Дотоод сонгуулийн хорооноос О.Цогтгэрэлийг АН-ын их хуралд өргөн мэдүүлж, батламжийг гардуулан өгөх үйл ажиллагаа Дүнжингарав худалдааны төвийн гадаа талбайд болсон.
С.Эрдэнийн тал намын даргыг батлах Их хурлыг тавдугаар сарын 2-нд зарласан. Өнөөдрийн нөхцөл байдалтай холбоотойгоор С.Эрдэнээс тодруулахад: "Ардчилсан нам нэг л нам, хоёр нам гэсэн ойлголт байхгүй. Өнөөдөр зохион байгуулагдсан ээлжит бус бага хурал хүчин төгөлдөр биш. Хуулийн хариуцлага тооцох ёстой. Тэр хуралд 600 гаруй хүн оролцсоноос 200 орчим хүн нь намын төлөөлөгч байсан. Үлдсэн хүмүүс нь ТЭСО корпорацийн хүмүүс гэх мэдээлэл байна. Улсын бүртгэлд бүртгэлтэй, Улсын дээд шүүхийн тогтоолтой, хууль ёсны эрх бүхий намын явуулсан дотоод сонгуулиар сонгогчдоос хамгийн олон санал авсан М.Тулгат АН-ын шинэ даргаар сонгогдсон. Дүрмийн бус үйлдэл гаргаж, хууль бус сонгууль зохион байгуулж, ээлжит бус бага хурлыг зохион байгуулсан хүмүүст намын үндсэн дүрмийн дагуу болон бусад холбогдох хуулийн хариуцлага тооцно.
УОК-оос Covid-19 хөл хорионы үед таваас дээш хүнтэй үйл ажиллагааг зохион явуулахгүй байх шийдвэр гарсан. Гэтэл өнөөдрийн бага хуралд 1200 гаруй төлөөлөгч оролцсон хэмээн хурлыг зохион байгуулагч талаас мэдэгдсэн . Энэ нөхцөл байдалд ямар хариуцлага тооцох талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзоригоос тодруулахад, "Харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад шаардлага хүргүүлэн тус хурлыг тараасан. Дүрэм, журам зөрчиж олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулсан учраас хуулийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авна. АН-ын өмгөөлөгч, хуульч Ц.Баяртогтоход албан шаардлага өгсөн" гэлээ.
С.УНДАРМАА /news.mn/