Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, НЭМГ-ын дарга Б.Бямбадорж нар цар тахлын эсрэг дархлаажуулалтын явц болон цэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Нийслэлд одоогоор дархлаажуулалтын 40-44 цэгт 90-97 багийн 650 ажилтан ажиллаж байгаа. Монгол Улс хоёрдугаар сарын 23-наас коронавирусний эсрэг дархлаажуулалтыг эхэлснээс хойш 336 758 хүнд вакцины эхний тун хийгээд байна.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд нийт 5 цэгт 18 баг ажиллаж, өдөрт 3-4 мянган хүн вакцинжуулахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн 10, 18 дугаар хорооны вакцинжуулах ажлын явцтай танилцах үеэр “Вакцины татан авалт идэвхтэй байна. Синофарм үйлдвэрийн вакциныг 900 мянган тунг авна. Бид дэлхийд дархлаажуулалтаар тэргүүлэгч болж эдийн засгаа бүрэн нээсэн улс болох зорилттой. Хэсэгчилсэн хөл хорио өнөөдрөөс эхэлсэн. Өдөрт дунджаар 12 мянган хүн вакцинд хамруулж байсан бол хэсэгчилсэн хөл хорионы үед 30 мянга хүргэнэ. Энэ хурдаар явбал эхний вакцины тунг зургадугаар сарын нэгнээс өмнө бүх иргэнд хийж амжина. Хэсэгчилсэн хөл хорио тогтоосон нь эмнэлгийн байгууллагын ачааллыг багасгаж, вакцинд анхаарал хандуулж буй хэрэг” хэмээв.
Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны Спорт хороонд байрлах дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцав. Дүүргийн хэмжээнд өдөрт 3 000 орчим хүн вакцинжуулж байгаа. Энэ тоог 6 000 болгохоор бэлтгэж буйг эрүүл мэндийн салбарын төлөөлөл дуулгасан юм.
Нийслэлд 6 895 өндөр настан бие даан гэрээсээ гарч чадахгүй, хэн нэгний асаргаа халамжид амьдардаг. ЭМЯ-ны Геронтологийн үндэсний төв, НЭМГ, МУЗН, ДЭМБ-ын дэмжлэгээр тэдэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг гэрт нь хүргэж, дархлаажуулж байгааг Ерөнхий сайдад танилцуулав.
Ерөнхий сайд энэ ажлыг эрчимжүүлж шаардлагатай тоног, төхөөрөмж, автомашин, хамгаалах хувцас хэрэгслийг шийдэх чиглэлийг Эрүүл мэндийн сайд болон Нийслэлийн удирдлагуудад өглөө.
Улсын хэмжээнд 346.745 хүн вакцин хийлгээд байна
Улсын хэмжээнд 4 дүгээр сарын 3-нд 9987 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Энэ нь вакцинжуулалтад хамрагдвал зохих хүн амын 17.5 хувь болжээ.
Вакцинжуулалтын 46 цэгт 128 багийн 923 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллав. Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотоос гадна Дархан-Уул, Дорноговь, Төв, Орхон, Өмнөговь, Говь-Алтай гэсэн 6 аймагт вакцинжуулалт хийж, нийт 346.745 хүн хамрагдав.
Нийслэлд өнөөдөр болон маргааш 50-иас дээш насны бүх иргэдийг вакцинжуулалтад хамруулахаар 64 цэгт 138 багийн мянга гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма өнөөдөр мэдээллээ. Иргэд дүүрэг дотроо дархлаажуулалт хийж буй аль ч цэгт очиж вакцинжуулалтад хамрагдах боломжтойг мэдээллээ.
Тухайн өдрүүдэд хаана, аль цэгт вакцинжуулалтад хамрагдах мэдээллийг өрхийн эмнэлгүүд өгч байна. Жишээ нь, нийслэлийн Баянзүрх дүүрэгт:
- Улсын II төв эмнэлэгт 1, 3, 7 дугаар хорооны иргэд,
- 44 дүгээр сургууль дээр 4, 16, 19, 21 дүгээр хороо,
- 136 дугаар сургууль дээр 25, 26,
- 14 дүгээр сургууль дээр 5, 13, 22,
- 21 дүгээр сургууль дээр 4, 6, 14, 15, 18 дугаар хорооны иргэд,
- 102 дугаар сургууль дээр 2, 21, 27 дугаар хорооны иргэд вакцин хийх хуваарьтай байна.