Мьянмарт 40 гаруй хүүхэд амиа алджээ

оруулсан Алсын Хараа

Мьянмарт өнгөрсөн хоёрдугаар сард цэргийн эргэлт гарснаас хойш аюулаас хамгаалахын хүчнийхэн 43 хүүхдийн аминд хүрсэн гэж “Save the Children” хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага мэдээлэв.

“Мьянмарт нөхцөл байдал “хар дарсан зүүд мэт” байгаа бөгөөд амиа алдсан хүүхдүүдийн хамгийн бага нь дөнгөж зургаахан настай байсан” гэж “Save the Children” мэдээлсэн байна.

Мьянмарын Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбооны мэдээлснээр, эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 536-д хүрчээ. Хоёр сарын өмнө цэргийнхэн Аун Сан Су Чи тэргүүтэй өндөр албан тушаалтнуудыг баривчилж, засгийн эрхийг гартаа авсан юм.

Цэргийн эргэлтийг эсэргүүцсэн олон арван мянган хүн орон даяар жагсаж эхлэх үед цэргийнхэн тэднийг тараахын тулд усан буу хэрэглэж байсан боловч хожим нь резинэн сумтай буу хэрэглэж, гал нээж эхэлжээ. Эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлснээс хойш өнгөрсөн бямба гарагт хамгийн олон буюу 100 гаруй хүн амиа алдсан байна.

Сэтгэгдэл бичих