Г.Мөнхжаргал: Би хүүгээ цэрэгт явуулна гэхээс үнэхээр эмээж байна. Ийм яргаллыг эсэргүүцэж, цээж нүцгэн бүтэн цаг зогсоно

оруулсан Алсын Хараа

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч салаан даргадаа зодуулж эмнэлэгт хүргэгдэн хоёр хоног ухаангүй байсны эцэст 03 дугаар сарын 30-нд амиа алдсан билээ. Үүнтэй холбоотойгоор иргэн Г.Мөнхжаргал өнөөдөр төв талбайд хувцсаа тайлж, эсэргүүцлээ илэрхийлэв.

Тэрбээр "Би өөрөө 11 настай хүүтэй бөгөөд үргэлж хүүгээ цэрэгт явуулна гэж ярьдаг. Гэвч өчигдөр цэрэгт харамсалтайгаар амиа алдсан мэдээг сонссон хүү маань надаас “Та намайг цэрэгт явуулна гэдэг чинь хэвээрээ юу?” гэж асуухад үнэхээр хэлэх үг олдоогүй.

Одоо би өөрийн хүүгээ цэрэгт явуулна гэхээс үнэхээр эмээж байна. Цэргийн албанд ганц, хоёр ухамсрын шанаа өгөх асуудал байж болох л байх. Гэхдээ хүнийг үхтэл зодчихоод эцэг, эхэд нь таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө өгч, оршуулгынх нь зардлыг даана гэж яриад сууж болохгүй.

Хүний амь эрсдчихээд байхад төр засаг чив чимээгүй байна. Үүнийг би эсэргүүцэж байна. Би одоо энэ талбайд бүтэн цаг цээж нүцгэн зогсоно” гэсэн юм.

Түүнчлэн тэрбээр “Цэрэг дайнд яваад эх орон, хайртай хүмүүсийнхээ төлөө амиа алдсан бол өөр хэрэг. Нэг жилийн хугацаатай цэргийн алба хүний аминд хүртлээ ийм яргалалтай байж болохгүй" гэдгийг онцолсон юм.

Сэтгэгдэл бичих