УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонсов.
Энэ талаарх мэдээллийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Тэрбээр “Ерөнхий сайдын 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар захирамжаар “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан. Ажлын дэд хэсгийг ХЗДХ-ийн сайдын тушаалаар байгуулсан.
Тус ажлын дэд хэсэг нь санхүү, хууль, дэд бүтэц, техникийн хамтарсан хэсгүүдэд хуваагдаж байгаа бөгөөд хэсэн тус бүрт удирдамжийн дагуу хариуцан асуудлаар санал дүгнэлтээ боловсруулж байна. Ажлын хэсэг шинэчлэгдсэн байгуулагдсан хугацаанд нийт зургаан удаа хуралдаж, Оюу Толгой төслийн талаар мэдээллийн зөрүүг арилгах, Монгол Улсын эрх ашгийг хангуулах зорилгоор холбогдох байгууллагуудаас албан ёсны мэдээллийг ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан.
Тухайлбал, Оюу Толгой төслийн эрчим хүчний хангамжийн талаарх асуудлаар ЭХЯ-ны танилцуулгыг сонссон. Ажлын хэсгийн гишүүд 2021 оны гуравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюу Толгой компанийн гүйцэтгэх удидлагуудтай биечлэн болон цахим уулзалт хийж, далд уурхайн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг авсан. Ажлын хэсгийн зүгээс зөвлөх компаниудтай ажиллахдаа Рио Тинто компанитай аливаа ашиг сонирхлын зөрчилгүй байх гэсэн үндсэн шаардлагыг тавин ажиллаж байна.
Оюу Толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай яриа хэлэлцээр хийх, гэрээ байгуулахад мөрдөх ажлын хэсгийн удирдамжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр урьдчилсан байдлаар боловсруулсныг хэлэлцэж санал солилцсон. Гэтэл энэхүү хуралдааны үеэр ажлын хэсгийн зарим гишүүд зарчмын өөр саналтай байгаагаа илэрхийлсэн” гэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн мэдээллийг хаалттай сонсох горимын санал гаргаж гишүүд үг хэлэв.
Гишүүдийн олонх болон УИХ-ын дарга нээлттэй явуулах саналтай байсан тул УИХ-ын гишүүн С.Бямбацогт тус асуудлыг хаалттай явуулах саналаа татаж байгаагаа хэлэв.
Тэрбээр “Гишүүд хардлага байхгүй ил тод нээлттэй ярья гэж хэлж байна. Хэлэлцээрт цаашид баримтлах чиглэлүүдээ УИХ-ын гишүүд ярихгүйгээр авч үлдээд бусад асуудал болох алдаа дутагдал, Оюу Толгойн үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар тодорхой саналаа яръя. Хаалттай хуралдах горимын саналаа татаж авч байна. Нээлттэй хуралдъя ” гэв.
Ингэснээр “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” хэрэгжилтийн ажлыг нээлттэй хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “2.7 тэрбум долларын нийлмэл буюу хүүгийн хүү тооцоод 2051 он гэхэд 27 тэрбумын хүүгийн алдагдал төлөх хэмжээнд очиж, 2030, 2050 оны эхэн үед Монгол Улс багахан ашиг олоод цаашид дандаа алдагдалтай явах тооцооллыг эрдэмтэд гаргасан.
Мөн Дубайн гэрээний асуудал бий. 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед УИХ-ын тогтоолын зөвшөөрөл байхгүй байхад Ерөнхий сайдын захирамжаар төрийн өмчийн компанид эрх олгож хийсэн Дубайн гэрээний асуудал. Энэ нь Монгол Улсын эрх ашигт бүрэн харшилж байгаа.
Дубайн гэрээг цуцалсан нөхцөлд 4.3 тэрбум ам.долларын зээлийн өр тооцсон, 1.3 тэрбум ам.долларын зээлийн хэтрэлтийн асуудал, баталгааны шимтгэл, үйлчилгээний төлбөр зэргийг давхар зогсоох хэрэгтэй” гэв.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Хөрөнгө оруулагч тал Лондоны арбитрын шүүхийн маргаанаа түр хойшлуулъя гэдэг саналаа өчигдөр Монголын талд тавьсан. Монголын тал үүнийг хойшлуулахгүй гэдэг саналаа хуулийн фирмд явуулсан.
Дубайн гэрээг цуцалж хэлэлцээр хийж байхаар сөрөг нэхэмжлэл гаргая гэдгийг ажлын хэсэгт ярьж байгаа. Бид хэлэлцээр хийх үү, сөрөг нэхэмжлэл гаргах уу гэдэг чиглэлийг УИХ тодорхой өгөх ёстой. УИХ-ын 92 дугаар тогтоолын хүрээнд ажил гэвэл хэлэлцээр хийнэ.
Лондоны Арбитрын маргаанд ялах бүх нөхцөл боломжоо хангаж ажиллаж байна. Мэдээллийг хуулийн компанид цаг алдалгүй өгч байгаа. Дубайн гэрээнд бид ямар нэгэн нөхцөл тавихгүй.
Шинэ гэрээ байгуулах замаар далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах асуудлыг огт ярихгүй байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалтыг цуцлах зүйлийг л ярьж байна. Үүдэн гарах асуудлыг Оюу Толгой компани хөрөнгө оруулагчийн хувьд шийдэх ёстой гэсэн нөхцөлийг ярьж байгаа юм” гэлээ.
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан:
-“2019 оны 92 дугаар тогтоолын 1.5-д газрыг улсын хэрэгцээнд авах тухай Засгийн газрын 2011 оны 175 дугаар тоот тогтоолыг өөрчлөх гэж байгаа. 230 мянган га газарт секундэд 900 гаруй литр говийн гүний усыг шахах нөхцөлийг бүрдүүлж өгсөн тогтоолыг өөрчил гэсэн. Энэ чиглэлд ямар ажил хийсэн бэ?
Усны нөөц газар нь өмнө нь хувийн ААН, иргэдэд байсныг шууд авч өгсөн. Энэ газрыг өгөхөөс жилийн өмнө зургаа орчим сая доллараар Оюу Толгой төсөл рүү цахилгаан татаад усны хоолойг тавьсан. Өөрөөр хэлбэл шийдвэр гарахаас өмнө энэ бүхэн болсон байгаа юм. Эдгээр асуудлыг судалж ажил ямар түвшинд явж байна вэ” хэмээн асуув.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-“92 дугаар тогтоолын 1.5 дугаар заалтад байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэж, Монгол Улсын засгийн газрын 2011 оны 175 дугаар газрыг улсын хэрэгцээнд авах тогтоолыг өөрчилж, Говийн бүсийн гүний усыг ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох гэж заасан. Ажлын хэсгийг ахлаад миний хувьд нэг л сар болж байна. Газрын гүний усны талаарх танилцуулгыг бид сонссон. Адил төрлийн уурхай нэг тонн хүдрийн баяжмалыг баяжуулахад 1,200 литр ус ашигладаг бол Оюу толгой төсөл 380 литр ус ашиглаж байна. Ашигласан усныхаа 87.7 хувийг дахин ашиглаж байна гэсэн мэдээллийг өгсөн.
Техник эдийн засгийн үндэслэл анх батлуулсан 2010 оны нөхцөл байдлаас Говийн усыг хэмнэлттэй ашиглаж байгаа гэсэн. Үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд энэ асуудлыг тавьж, Оюу толгой төслийн танилцуулгатай холбогдуулж усан дээр ямар бодлого барихыг боловсруулах чиглэлийг ажлын дэд хэсэгт өгсөн” гэв.
“Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонссоноор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.