Сумогийн холбооноос Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ албан ёсоор озэки цолоо буцаан авсныг энэ лхагва гарагт мэдэгдлээ.
Тэрбээр, 2015 онд 23 насандаа анх удаагаа озэки цол хүртэж байсан юм. Улмаар хоёр өвдгөндөө удаа дараа гэмтэл авч, олон башёг өнжсөний эцэст мэргэжлийн сумо бөхийн 6 /Жонокүчи, Жонидан Санданмэ, Макүшита, Жүрёо, Макүүчи-Дээд зиндаа/ зиндааны Жонидан хүртэл чансаа буурч байв.
Харин өнөөдөр 29 настай Г.Ган-Эрдэнэ дээд зиндааны гурав дахь түрүүг бахдалтай авч, озэки цолыг хоёр дахь удаагаа хүртээд байна.
Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ: “Баяртай байна. Та бүхэндээ баярлалаа. Өмнө нь байсан байрандаа эргэн ирлээ. Эхний удаа озэки цол хүртэхдээ баяртай байлаа. Харин одоо бол цолоо эргүүлэн авсандаа тайвширч байна. Жонидан зиндаа руу унасан үедээ энэ талаар төсөөлж ч байсангүй. Эргүүлэн цолоо авна гэж бодож байсан болохоос биш ийм амжилт гаргана гэж төсөөлөөгүй. Бэлтгэл сургуулилтдаа биеэ бүрэн зориулж, өмнөө илүү өндөр зорилго тавих болно. Мөн дэвжээний багшдаа баярлалаа. Би танд өртэй” хэмээжээ.
Ийнхүү Такакэйшо, Шодай, Асанояама, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэсэн дөрвөн озэки цолтой бөх 2021 оны 5 дугаар сарын башёд барилдахаар болж байна. Харин 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өвдгөндөө мэс засал хийлгэсний улмаас өнжих бол Нацү башё ёкозүна цолтонгүй болно.
Ташрамд дуулгахад, Исэгахама дэвжээний монгол бөх Тэрүнофүжи өчигдөр Озэки цолоо эргүүлэн авсан. Түүнийг иргэншлээ солих гэж байгаа талаар "Никкан спортс" сонин мэдээлсэн талаар спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ тодруулжээ.
Зодог тайлаад, сумогийн холбоонд үлдэж, ояката /дэвжээний эзэн/ болохын тулд Японы иргэншил авах зайлшгүй шаардлага байдаг. Давхар иргэншлийг зөвшөөрдөггүй тул Японы иргэн болохоос өөр арга байхгүй.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ одоогоор Монголын иргэншлээс гарах хүсэлтээ Монголын холбогдох байгууллагад хүргүүлээд байгаа аж. Хэрэв зөвшөөрөл авбал Японы талд албан хүсэлтээ гаргах юм. Энэ нь Тэрүнофүжиг ирээдүйд зодог тайлаад ояката болох хүсэлтэй байгааг харуулж байна гэж тус сонин тэмдэглэжээ.
Тэрбээр 18 настайдаа Японд ирж, арав гаруй жил амьдарсан тул иргэншил авахад хүндрэл учрахгүй. Харин япон нэрээ Исэгахама оякатагийн жинхэнэ нэр болох Сүгиномори болгох гэж байгаа нь озэки цолоо эргүүлэн авахад их үүрэг гүйцэтгэсэн багшдаа хүндэтгэл илэрхийлсэн хэрэг юм байна.
Өдгөө мэргэжлийн сумод Томозүна, Такасаго хоёр дэвжээг монгол ояката нар эзэмшиж байна. Хакүхо 2019 онд, Какүрюү 2020 онд Японы иргэншил авсан. Гэхдээ Хакүхо сумо бөхийн нэрээр бүртгүүлсэн бол Какүрюү Ананд нэрээ солиогүй юм байна.