Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Өмнө нь Засгийн газраас уг хэрэгтэй холбоотой баримт, бичлэгийг 2019 оноос хэсэгчилсэн байдлаар хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд олон нийтэд ил болгож байсан юм.
Б.Хурцыг ТЕГ-ын даргаар ажиллаж байх үед тагнуулын ажилтнууд өөрсдөө баримт болгон ашиглаж маш олон бичлэг хийсэн боловч хожим нь устгасан байсныг сэргээж, нууцаас гаргасан зарим бичлэгт ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж буй үйл явдал гарсан нь ил болж нийгмийг шуугиулж байсан юм.
Улсын дээд шүүхээс өнөөдөр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг дээрх хэргийг мөрдөн шалгаж байхдаа ялтнуудад эрүү шүүлт тулгасан гэм буруутайд тооцож, ял оноосон юм.