Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2020 оны 9 дүгээр сараас ажилласан словак мэргэжилтэн Растислав Бозикын гэрээ дуусаж баг хамт олон нь түүнийг үдэн гаргалаа.
Тэрбээр, "Миний хувьд өнгөрсөн хугацаа хэзээ ч мартагдахааргүй дурсамжтай өнгөрлөө. Цар тахлын хүнд хэцүү нөхцөлд биднийг бүх талаар дэмжиж байсан Монголын хөл бөмбөгийн холбоонд баярлалаа. Энэ бол ердөө эхлэл гэдгийг тамирчид ойлгож, ирээдүйд илүү их амжилтын төлөө тэмүүлээрэй" гэсэн юм.
Мөн түүний хамт Унгарын Пушкаш академийн гэрээт тоглогч Г.Ганбаяр нисэх онгоцны буудлыг зорилоо. Шигшээ багийн залуу гол тоглогч Г.Ганбаяртай шигшээ багийнхан 6 дугаар сард явагдах ээлжит тоглолтоор дахин нэгдэх боломжтой.
МХБХ-ны Зөвлөлийн гишүүн Б.Болдбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Техникийн захирал Б.Буман-Учрал нар тэдэнд баяр хүргэж Монголын Үндэсний шигшээ багийн төлөө, Монгол Улсын төлөө нэр төртэй зүтгэсэнд талархал илэрхийлсэн юм.
"КОВИD-19" цар тахал, өвчний улмаас бэлтгэл, сургуулилт, тэмцээн уралдаанд оролцох боломжгүй байсан Үндэсний шигшээ баг гуравдугаар сард хийх хуваарьтай 2 тоглолтоо ийнхүү дуусгалаа.
Гадаад улсад зорчих эрхгүй, эх нутагтаа гэрийн хорионд байсан залуус ганцхан сарын хугацаанд Турк улсад бэлтгэл сургуулилт хийж, Тажикистан, Япон улсад олон улсын тоглолт хийсэн юм.
Монголын Үндэсний шигшээ баг өнөөдөр эх нутагтаа ирнэ. Энэ хугацаанд Япон улсын Чиба хотноо болсон тоглолтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулж, найрсгаар угтан авсан Японы Хөл бөмбөгийн холбоо болон дэмжин ажилласан Денцү компанид МХБХ-ноос талархал илэрхийлэв.