С.Энхболд: Улсын хэмжээнд 1100 хүүхэд коронавирусний халдвар авсан

оруулсан Алсын Хараа

УИХ-ын Коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороо өнөөдөр /2021.03.31/ хуралдлаа.

Түр хорооны хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад байгууллагын удирдлагууд оролцов. Эхлээд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 8447 хүн халдвараар өвчилсөн. Тэдний 80 гаруй хувь нь шинж тэмдэггүй болон шинж тэмдэг багатай хөнгөн хэлбэрээр өвчилж байна. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг хүсэлтийнх нь дагуу гэрээр эмчлэх арга хэлбэрийг шинээр хэрэгжүүлснээр эмнэлгийн орны нөөцийг хадгалах, эмч, ажилтнуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх боломж бүрджээ.

Өнгөрсөн сарын 23-наас өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотод 288589, орон нутагт 1177 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Сэргийлэлт, хяналт, оношилгоо, эмчилгээнд нийт 4400 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаагаас их эмч 949, сувилагч 1069, тархвар судлаач 119, бусад ажилтан 6524 байна. Халдварын үед ашиглах нийт 6524 орыг эрүүл мэндийн байгууллагуудад бэлтгэсэн бөгөөд үүнээс энгийн 6124, эрчимт эмчилгээний 400 ор байна.  Эрүүл мэндийн яам, эрдэмтэн судлаачдын тооцооллоор 2021 оны дөрөвдүгээр сарын эхний 15 хоногт хэрэв хөл хорио тогтоохгүй бол халдварын тохиолдол арван мянгад хүрэх, хүндэвтэр, хүнд өвчтөний тоо өсөж эмнэлгийн ачаалал нэмэгдэх байдал ажиглагдаж байгааг  Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан онцлов.

Тархвар зүйн муруйгаас харахад халдвар улсын хэмжээнд энэ сарын 3-наас хойш тогтмол өсөж байна. Насны бүлгээр авч үзвэл хөдөлмөрийн идэвхтэй насныхан халдварт илүү өртөж байна. Цаашид өндөр эрсдэлтэй газруудад тандалтыг эрчимжүүлнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. Дөрөвдүгээр сард вакцин нэмж ирэхээр дархлаажуулалтыг эрчимжүүлэх бөгөөд халдварын ойрын хавьтлыг илрүүлэх тандалт судалгааны багийн тоог нэмсэн гэдгийг мөн онцлов.

Мэдээлэлтэй холбогдуулж Түр хорооны гишүүд асуулт асууж, хариулт авав. УИХ-ын гишүүн Б.Бейсен одоо хийж байгаа вакцины хэдэн хувийг хандиваар авсан, хэдэн аймагт PCR шинжилгээний аппарат байгаа талаар болон халдвар авсан хүнийг эмчлэхэд гарч буй зардлын хэмжээг тодруулав. Мөн орон нутгаас дайчлан Улаанбаатарт ажиллуулж буй эмч, сувилагчдыг байраар хангах асуудал болон тэдгээр эмч, сувилагчдын урамшууллыг хаанаас олгохыг тодрууллаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, "Хандив, тусламжаар 450 мянган тун вакцин ирсэн. Худалдаж авах вакцинууд дөрөвдүгээр сараас орж ирнэ. Эмчилгээний зардлыг 28 хоногт 4.3 сая төгрөг байхаар баталсан. Энэ нь эмчилгээнд шаардлагатай бүх тооцооллыг хийсний үндсэн дээр гаргаж ирсэн дүн юм. PCR шинжилгээний аппаратыг Улаанбаатарын зургаан дүүрэг, таван эмнэлэг, 13 аймагт суурилуулсан. Тандалтын багийг нэмэх зорилгоор 16 аймгаас эмч нарыг авчран АШУҮИС-ийн байранд байрлуулж, хоол унааны зардлыг Улсын онцгой комиссоос гаргаж байна" гэв.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, "Вакцин худалдаж авах явц хөрөнгө мөнгөтэй холбоотой саатаагүй, хангалт нийлүүлэлттэй холбоотой асуудал үүсэж байна. Дөрөвдүгээр сарын эхээр вакцин орж ирснээр тавдугаар сарын 1-нээс өмнө нийслэлийн иргэдийг дархлаажуулах ажлыг эрчимтэй явуулна" гэлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хүүхдүүд халдварт өртөж буй тоон мэдээллийг тодруулахад Эрүүл мэндийн сайд С.Энхболд 1100 орчим хүүхэд халдвар авсан. Хүүхдүүд гэр бүлд буюу эцэг, эхээсээ халдвар авч байна гэж хариулав.

Сэтгэгдэл бичих