Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч амиа алдсан хэрэгт Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг төлөөлөн ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг өнөөдөр уучлал хүсэв.
Тодруулбал, энэ сарын 28-нд тус ангийн салааны захирагч, дэслэгч Г нь харуулын даргын үүрэг гүйцэтгэх үедээ, цэргийн дүрмийн бус харьцааны зөрчил гаргаж харуул, байлдагч Б-гийн биед халдаж хүнд гэмтэл учруулсан. ЗХЖШ-ын Хуурай замын командлалаас тухайн өдөр яаралтай арга хэмжээ авч байлдагч Б-г Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэж эмнэлгийн тусламж үзүүлжээ. Харамсалтай нь, байлдагч Б энэ сарын 30-нд амиа алдсан байна. Дээрх асуудалтай холбогдуулан БХЯ, ЗХЖШ-аас албаны хяналт, шалгалт явуулж хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгааг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг мэдээллээ.
Тус хэрэгт холбогдуулан салааны захирагч, дэслэгч Г-г Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан БХЯ, ЗХЖШ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга дэг журмыг бэхжүүлэх салбар зөвлөлүүд яаралтай хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ. Тухайлбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, хурандаа С.Батболдыг албан үүргээс нь чөлөөлөв. Мөн хэрэг гарсан өдөр ажиллаж байсан Зэвсэгт хүчний Хуурай цэргийн командлалын тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор ажиллаж байна.
Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга Зэвсэгт хүчний хэмжээнд гарч буй хэрэг, зөрчил, түүнийг таслан зогсоох чиглэлээр бүх анги, нэгтгэлтэй өчигдөр цахимаар хуралдаж дараах чиглэл өгчээ. Үүнд, цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан зэвсэгт хүчний хэмжээнд алба хааж байгаа бүх шатны офицер, ахлагч нарын албаны төлөвшил, мэргэжлийн бэлтгэлийн түвшинг яаралтай тогтоохыг холбогдох албаныханд даалгасан байна. Шалгалтын дүнг үндэслэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлно гэдгийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг мэдээллийн үеэр тодотгов.
Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагчдын буй нөхцөл байдал, цэргийн албаны талаар эцэг эх, ар гэрийнхэнд танилцуулах ажлыг хэвлэл, мэдээллийнхэнтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна.