Суэцийн суваг хаагдах үеэр 60,400 хонь, 421 үхэр тээвэрлэж явсан таван хөлөг онгоц зургаан өдрийн турш түгжирсэн тухай Египетийн Хөдөө аж ахуй, газар тариалангийн яам мэдээлжээ.
Тус яамны мэдээлж буйгаар, хөлөг онгоцууд Испани, Румынээс Саудын Араб руу явж байсан байна. Суэцийн сувгийн захиргаатай тохиролцсоны дагуу мал эмнэлгийн гурван баг эдгээр хөлөг онгоц дээр ажиллажээ. "Таван хөлөг онгоцонд байгаа амьтдын байдал сайн, халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй" гэж Египетийн Хөдөө аж ахуй, газар тариалангийн сайд мэдээлсэн байна. Амьтдад 190 тонн тэжээл, 120 тонн ус өгчээ.
Дэлхийн хамгийн том чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцуудын нэг болох “Ever Given” Суэцийн сувагт хайрдаж, хөлөг онгоцуудын хөдөлгөөнийг хаасан билээ. Уг хөлөг онгоцыг даваа гарагт гаргаж сувгийн хөдөлгөөн нээгджээ. Хөлөг онгоцыг гаргах ажиллагаа зургаан өдрийн турш үргэлжилсэн бөгөөд 14 чирэгч онгоц оролцсон байна.