ЭТТ бонд нь Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний нэг хэсэг бөгөөд Засгийн Газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монгол Банкны зүгээс тус үнэт цаасыг олон нийтэд санал болгон хөрөнгө оруулалт татах ажлыг дэмжиж байна. Мөн уг бонд нь дотоодын хөрөнгийн бирж дээр анх удаагаа гадаад валютаар буюу ам.доллараар гарч байгаа учраас ханшийн уналтаас хамгаалагдсанаараа давуу талтай юм.
Андеррайтераар ажиллаж буй “БиДиСек” компаниас мэдээлснээр, банкны хадгаламжаас харьцангуй өндөр хүүтэй энэхүү бондыг иргэд, ААН-үүдэд санал болгон, хөрөнгөө өсгөх боломж олгож байна. Мөн дотоодын Хөрөнгийн биржид анх удаа гадаад валют буюу ам.доллараар гарч буй учир ханшийн уналтаас хамгаалсан давуу талтай аж. Тус бонд нь 24-36 сарын хугацаатай, нэг бүр нь 100 мянган төгрөг болон 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй юм.
Бондын санхүүжилт нь Тавантолгой дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтад зарцуулагдана. Дээрх бүтээн байгуулалтууд хийгдсэнээр компанийн үр ашиг илүү нэмэгдэж, 2025 он хүртэл нийт 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж байна.
Төгрөг, ам.доллар хосолсон бондын захиалгыг эхлүүлж арилжааны цан цохих үйл ажиллагаанд УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, Монголын Хөрөнгийн биржийн захирал О.Алтай, "ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар оролцлоо. Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, "Бондын хөрөнгөөр Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 2 төмөр зам, 450 мегаваттын хүчин чадалтай цахилгаан, дулааны станц, говийн бүсэд усны хангамжийг нэмэх төслүүдийг санхүүжүүлэх"-ээ мэдэгдлээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК нь тус бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 2 их наяд төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэх юм. Дотоодын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, цахилгаан станц, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг техник эдийн засгийн тооцоолол, байгаль орчны нөлөөллийн шинжилгээ бүрэн хийсэн томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.
Иргэд, аж ахуйн нэгжүүд энэхүү бондын санхүүжилтэд хөрөнгө оруулснаар Монголын хөрөнгийн зах зээлд томоохон эерэг нөлөө үзүүлж, өөрийн хөрөнгийг тогтмол үр өгөөжтэй өсгөхийн сацуу эх орны тусын тулд томоохон бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. Банкны хадгаламжаас харьцангуй өндөр хүүтэй, үйл ажиллагаа нь тогтвортой, ашигтай ажиллаж байгаа, нээлттэй, итгэлтэй компанийн бондыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд гурван үе шаттайгаар санал болгоно.