Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 18 лабораторид 14 218 хүнд “COVID-19” халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 481 хүний сорьцод халдвар илэрчээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 404 нь Улаанбаатар хотод, бусад нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт илэрсэн халдварыг задалбал, Баянхонгорт нэг, Орхонд 15, Увсад нэг, Архангайд долоо, Төв аймагт 27, Өвөрхангайд 10, Дархан-Уулд 3, Ховдод хоёр, Хэнтийд нэг, Булганд 10, нийт 77 тохиолдол тус тус батлагджээ.
Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 8070 болж байна. Үүнээс Улаанбаатарынх 6672, аймаг, орон нутгийнх 861 болжээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 124 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4 835 болсон байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, СБД, СБД, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Увс, Өвөрхангай, Архангай, Баянхогор, Хэнтий, Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварын улмаас нийт 1776 хүн эмчлүүлж байгаагаас 1486 нь хөнгөн, 250 нь хүндэвтэр, 31 нь хүнд, 11 хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байгаа аж.
11 хүний биеийн байдал маш хүнд байна
Сүүлийн үед “COVID-19” халдвар нэмэгдэж байгаатай холбоотой хүнд болон нэн хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байна.
Одоогоор коронавируст халдвартай 1776 хүн эмчлүүлж байгаагаас 83 орчим хувь нь хөнгөн байгаа бол 11 хүн маш хүнд байдалтай байна. Ялангуяа 60-аас дээш насны халдвар авсан иргэдийн биеийн байдал хүндрэх эрсдэл их тул халдвар авахгүй байх тал дээр илүү анхаарах шаардлагатай. Тиймээс ахмад настантай хамт амьдардаг иргэд халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлах хэрэгтэйг ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр тодотгосон юм.
Вакцины давтан тунг иргэдэд хамгийн ойр байрлах цэгт зохион байгуулна
Улсын хэмжээнд өчигдрийн 20.00 цагийн байдлаар, "COVID-19" халдварын эсрэг вакцинжуулалтад нийт 290.108 хүнийг хамруулаад байна.
Нийслэлээс гадна аймаг, орон нутагт эхний ээлжийн вакцинжуулалтыг Өмнөговь, Төв, Дархан-Уул, Орхон, Говь-Алтай аймагт эхлүүлээд байгаа талаар ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа, "Дараагийн ээлжийн вакциныг ирэх сараас татан авна. Тодруулбал, БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн нийт 900 мянган тун, ОХУ-ын "Спутник" вакцин нэг сая тунг 4 дүгээр сард багтаан авна. Мөн вакцины давтан тунг 4 дүгээр сарын 2-ноос тарьж эхэлнэ" гэж мэдээллээ.
Вакцинд хамрагдсан хүний тоо 290 108 болов.
"Хатуу хөл хорио тогтоосон үед иргэд вакцины 2 дахь тунгаа хэрхэн яаж хийлгэх вэ?" гэсэн асуултад тэрээр, "Вакцины эхний тунг хийлгэсэн иргэдийн мэдээлэл бүгд байгаа учир энэ талаар иргэдийн гар утасны дугаарт тодорхой мэдээлэл бүхий мессеж илгээнэ. Хаана, хэзээ хийх талаар мэдээлж, аль болох оршин суугаа газарт нь ойр байхаар зохицуулж ажиллана. Өрхийн эмнэлгээс тухай бүр нь мэдээлэл өгнө" гэв. Иргэдийг аль болох чирэгдэлгүйгээр 2 дахь тунг хийх ажлыг зохион байгуулна гэдгийг ЭМЯ-наас тодотголоо.
Худалдаа, үйлчилгээний ажилтнуудыг дархлаажуулалтад нэн түрүүнд албан ёсоор хамруулж эхэлсэн учир холбогдох хороо, дүүргийн болон өрхийн эмнэлэгтээ хандан хүсэлтээ гаргаж хамрагдах боломжтойг мөн мэдээллээ. Өнөөдөр нийслэлд вакцин тарих 39 цэгт 92 багийн 646 эмч, ажилтан ажиллаж, 10 мянган хүнийг хамруулна.