Улсын хэмжээнд вакцинжуулалтад 279.069 хүнийг хамруулаад байна. Нийслэлд өчигдөр вакцинжуулалтын цэг ажиллаагүй, дархлаажуулалтыг аймаг орон нутагт түлхүү хийсэн талаар ЭМЯ-ын хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээллээ.
Нийслэлд 40 цэгт 93 дархлаажуулалтын баг ажиллаж, нийт 267.300 хүнийг вакцинд хамруулжээ. Одоогоор вакцинжуулалтад 50-аас дээш насныхныг хамруулахаар ажиллаж, өчигдрийн байдлаар 50-иас дээш насны 101.007 иргэн вакцин хийлгэв. Энэ нь зорилтот бүлгийн 41.1 хувийг эзэлж байгаа аж.
"COVID-19"-ийн халдварын эсрэг дархлаажуулалтад зорилтот бүлгийн насны хүмүүсийн 55 хувийг хамруулсан. Нийт дархлаажуулалтад хамрагдах 18-аас дээш насны 2 сая хүнээр тооцоход одоогийн байдлаар 7 хүн тутмын нэгийг вакцинд хамруулаад байна. Үүнийг олон улстай харьцуулахад дээгүүр үзүүлэлттэй явж байна гэв.
Вакцины хангамж: Засгийн газрын худалдан авахаар төлөвлөж буй вакцин дээр "Синофарм" үйлдвэрийн вакциныг ирэх сарын эхнээс 300, 4 дүгээр сарын 15-нд мөн 300, сүүл хүртэл нийт 900 мянган тунг нийлүүлэхээр болжээ. Мөн үүн дээр ОХУ-ын "Спутник-V" вакцин нэг сая тун авахаар болж буй тул дархлаажууллатыг өргөн хүрээтэй хийх боломж бүрдэж байна гэв. 4 дүгээр сарын 10-наас "Синофарм" вакцины давтан тунг хийнэ. Мөн сарын 23-наас "Астразенека" вакцины давтан тунг хийнэ.
Дархлаажуулалтад эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнуудыг 100 хувь хамруулж, халдварын хариу үйл ажиллагаанд хамрагдаж буй албан хаагчид мөн бүгд хамрагдаад байна. Одоо байгууллага, ААН-үүд, худалдааны байгууллагын ажилтнууд хамрагдаж байна. Боловсролын байгууллагын багш, ажилтнууд 98 хувь хамрагджээ. Удаалаад 25 насныхныг хамруулахаар энэ 7 долоо хоногоос бэлтгэл ажлыг хангаж байна гэв. 65-аас дээш насны иргэд вакцинжуулалтад хамрагдаж эхэлсэн тул харьяа дүүрэгт ажиллаж байгаа дархлаажуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх боломжтой аж.