Монголын жүдочид хос алт, хүрэлтэй Их дуулгыг өндөрлүүлэв

оруулсан Алсын Хараа

Гүржийн Тбилис хотноо 3 дугаар сарын 26-28-нд болсон Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ны олимпын эрхийн оноо олгох Их Дуулга тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана хүрэл медаль хүртэв.

Ийнхүү Тбилисийн Их дуулга тэмцээнээс Монголын шигшээ баг 2 алт, 2 хүрэл медаль, 1 шагналт 7 дугаар байр эзэлж багийн дүнгээр 3 дугаар байрт шалгарлаа.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар нар жиндээ тэргүүлж, эрэгтэй 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана нар хүрэл медаль хүртэж, 60 кг-д Э.Ариунболд шагналт байр эзэллээ.

Энэ удаагийн Их дуулгаас 21 улсын жүдоч медаль хүртсэн бөгөөд Гүрж улсын жүдочид 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль, 3 шагналт байр эзэлсэн амжилтаар тэргүүлж, Канад жүдочид 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар дэд байр эзлэв.

Туркийн Анаталия хотноо 4 дүгээр сарын 1-3-нд дараагийн цуврал Их дуулга болох бөгөөд тус тэмцээнийг манай баг өнжинө.

Сэтгэгдэл бичих