Тбилиси хотноо үргэлжилж байгаа Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээний хоёр дахь өдөр Монголын баг тамирчдаас дахин алтан медалийн эзэн тодорлоо.
Энэ удаа эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар жиндээ тэргүүлэв. Тэр 3 дугаар сард хоёр дахь Их дуулгадаа түрүүлж байгаа бөгөөд сарын эхээр Ташкентын Их дуулгад гавьяат тамирчин М.Уранцэцэгийн хамт аваргын алтан медаль хүртсэн билээ.
Тбилисийн Их дуулгад Ц.Цогтбаатар эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Португалын Жоао Фернандог иппоноор ялсан. Гуравдугаар тойрогт Италийн Эспосито Жиованниг мөн л цэвэр /иппон/ яллаа. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Гүржийн Алеко Мамиашвилиг давсан бол хагас шигшээд Косовогийн Акил Гжаковаг нэмэлт цагт ялав.
Аваргын төлөө Канадын жүдоч Артур Маржелидонтой хүч үзэж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар багтаа 2 дахь алтан медалийг авчирч, тэргүүллээ.
Тэмцээний 2 дахь өдрийн байдлаар Монгол Улсын шигшээ баг 2 алт, 1 хүрэл медальтай тэмцээнд оролцсон 80 орны баг тамирчдаас тэргүүн байрт явна.
Ташрамд сонирхуулахад, Энэ сарын эхээр болсон “Tashkent Grand Slam 2021” Их дуулгын эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар хагас шигшээ барилдаанд Узбекистаны Одихон Номоновтой барилдаж давснаар мөнгөн медалийн болзол хангасан юм. Харин аваргын төлөөх барилдаанд Казахстаны жүдоч Смагулов Зансайтай хүч үзэн торгуулиар цэвэр /иппон/ ялж аварга болсон юм.
Түүний чансаа "Ташкентын Их дуулга" тэмцээний дараа 3908 болж жиндээ 11 дүгээрт бичигдэж байсан бол Тбилисид түрүүлснээр 1000 оноо нэмэгдэж 7-6 байраар лавтай урагш ахиж байгаа юм.