Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Харү башёг 12 даваатай түрүүлэв

оруулсан Алсын Хараа

Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээний 15 дахь өдөр Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Такакэйшотой учраа тааран барилдаж, түүнийг ошидаши мэхээр хаяж, 12 даваатай, Озэки цолоо эргүүлж авсан төдийгүй Харү башёд түрүүлж Японы Эзэн хааны цомыг 3 дахь удаагаа хүртлээ.

Тэрбээр гэмтэл, бэртлийн улмаас Жонидан зиндаа хүртэл чансаа буурсан хэдий ч монгол хүний зориг, сэтгэл хат, тэвчээрийг харуулж тууштай барилдсаар Макүүчи буюу дээд зиндаанд гарч ирж чадсан. Ингээд даваа, чансаагаа ахиулсаар Магэашира, Сэкиваке, Комүсүби цолонд хүрч, улмаар 2 жилийн дотор Озэки цолоо буцаан авч, түрүү бөхөөр тодорлоо. Түүнийг Ёкозүна буюу Их аварга цол авах бүрэн боломж байгаа гэж сумогийн мэргэжилтнүүд онцолж байна.

Харү башёгийн сүүлийн өдрийн барилдаанд 9 даваатай явсан Озэки Асанояама, Озэки Шодайг уватэнаге мэхээр давснаар 10 даваатай болов. Мөн өнөөдөр 10 даваатай яваа Аойяама/М-12/, Комүсүби Такаясүг хатакикоми мэхээр хаяж, 11 даваатай башёг дуусгаж, дараагийн башёд чансаа ахиж барилдахаар болов.

Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Эрдэнэ /М-6/-тэй Тэрүцүёоши/М-13/-тэй барилдаж, түүнд ёрикири мэхээр унаж 5 даваа, 10 унаатай башёг дуусгав. Харин Ичиножёо А.Ичинноров /М-6/, Комүсүби Митакэүмитэй барилдаж, түүнд ошидаши мэхээр унаж, 7 даваа, 8 унаатай тэмцээнээ дуусгалаа.

Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/ Харү башёгийн 15 дахь өдөр Такарафүжи/М-1/-тай барилдаж, түүнийг окүрихикиотоши мэхээр хаяж 7 даваа, 8 унаатай Харү башёг дуусгав.

Энэ өдрийн барилдаанд Хошёорюү С.Бямбасүрэн /М-9/, Хиденоүми /М-15/-тэй учраа таарч, түүнд сүкүинаге мэхээр унаж, 8 даваа, 6 унаатай болсон юм.

Чиёошома Г.Мөнхсайхан /М-13/ энэ өдөр Оношо/М-1/-той барилдаж, түүнийг уватэнаге мэхээр давснаар 8 даваатай болж качигоши буюу 50 хувийн амжилтаа хийлээ.

Сэтгэгдэл бичих