АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарыг уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтад урьжээ. Энэ тухай тэрбээр баасан гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Жо Байдены мэдэгдсэнээр, тэрбээр энэ асуудлыг В.Путин, Ши Жиньпин нартай хараахан хэлэлцээгүй байгаа аж. “Одоогоор хэлэлцээгүй байгаа боловч тэд уригдсан гэдгээ мэдэж байгаа” гэж тэрбээр хэлжээ.
Дээд хэмжээний уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй байна. Энэ нь Жо Байденыг Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж эхэлснээс хойш уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг өндөр дээд түвшинд хэлэлцсэн анхны томоохон хэмжээний яриа хэлэлцээ болно гэж AP агентлаг мэдээлжээ.
Цагаан ордны мэдээлж буйгаар, уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад В.Путин, Ши Жиньпин нараас гадна, Австрали, Канад, Франц, Герман, Энэтхэг, Израил, Итали, Япон, Мексик, Польш, Өмнөд Солонгос, Саудын Араб, Испани, Турк, АНЭУ, Их Британи зэрэг 40 орны удирдагчид, мөн Европын Комиссын дарга Урсула фон дер Лайен, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель нарыг урьсан байна.
АНУ -ын эрх баригчид дээд хэмжээний уулзалтыг дөрөвдүгээр сарын 22-23-нд цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү арга хэмжээний үеэр хүлэмжийн хийг бууруулахад олон улсын хүчин чармайлтыг нэгтгэх асуудлыг хэлэлцэнэ гэж тус улсын эрх баригчид өмнө нь мэдээлсэн байна.