Ховд аймгийн хэмжээнд мал төллөлт 50 орчим хувьтай үргэлжилж байна.
Энэ сарын 24-ний өдөр Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн малчин Н.Нямдаваагийн хотонд ихэр ботго гарчээ. Тодруулбал, малчин Н.Нямдаваагийн тэмээн сүргээс дөрвөн настай хүрэн зүсмийн ингэ нь анхны төрөлтөөрөө ихэр ботго гаргасан аж.
Малчин Н.Нямдаваа өдгөө 59 настай, сүүлийн 21 жил мал маллаж байна.
Тэрбээр 2000 оноос эхлэн тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, маллахад түлхүү анхаарч буй хашир туршлагатай малчдын нэг юм.
Энэ хавар ах дүүгийн нийлсэн 60 орчим ингэ ботголохоос одоогийн байдлаар 40 гаруй нь төллөсөн гэлээ.
Өнгөрсөн 2020 онд Чандмань суманд ингэ ихэрлэсэн. Тэгвэл энэ жил Манхан суманд ингэ ихэрлэлээ. Ийнхүү жил дараалан ингэ ихэрлэж байгаад нутгийнхан бэлгэшээж, талархалтай байна.
Ингэ ихэрлэх нь нутаг хошуу, хүн зон амар амгалан байж, мал сүрэг өсөн үржихийн бэлгэдэл хэмээн монголчууд үздэг. Тэгвэл Ховд аймагт сүүлийн жилүүдэд тогтмол ингэ ихэрлэж байгаагаараа онцлогтой.