УОК-ын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлыг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Тодруулбал, Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд бүрэн хязгаарлана. Зөвхөн хүнс, шатахуун, өвс тэжээл, эм эмийн хэрэгсэл, уул уурхайн бүтээгдэхүүн зэрэг шаардлагатай ачаа тээврийг орон нутагт зорчих хөдөлгөөнд оролцуулах юм байна.
Мөн халдварын тархалт өндөр байгаа Өмнөговь, Дорноговь, эрсдэл нэмэгдэж байгаа Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Төв, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгийг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дөрөвдүгээр зэрэг буюу "Улаан" түвшинд энэ сарын 28-ны 06.00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний 06.00 цаг хүртэл шилжүүлэхээр болов.
Цаашлаад халдварын эрсдэл багасахгүй бол дөрөвдүгээр сарын 5-наас нийслэлд хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэжээ. Энэ хугацаанд эрсдэлийг бууруулахад бүх нийтээр дэглэмээ сахих, нэг нэгэндээ хатуу шаардлага тавих, олон нийтийн үйлчилгээний газарт ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийхэд онцгой анхаарахыг Шадар сайд С.Амарсайхан мэдээллийн үеэр онцоллоо. Тэрбээр, "Хөл хорьсон тохиолдолд дархлаажуулах ажлыг давхар явуулах, ингэхдээ тавдугаар сарын 1-ний дотор нийслэлийн нэг сая иргэнээ хамруулахыг төлөвлөж байна" хэмээв.
Төлөвлөгөөний дагуу ирэх сарын 2-нд БНХАУ-ын Синофарм вакцины 300 мянган тун, ОХУ-ын Спутник-V вакцины нэг сая тунг татан авах ажил эхэлнэ гэдгийг онцоллоо.