Коронавируст халдварын 361 тохиолдол бүртгэгдэв

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр коронавируст халдварын 361 тохиолдол илэрсэн талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Тодруулбал, өнгөрсөн 24 цагт ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад өчигдөр нийт 17 мянган иргэнд шинжилгээ хийжээ. Үүнээс 361 хүнд халдвар илэрснээр Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 6693 болжээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн, “Сүүлийн 24 цагт долоон хүн эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 4237 болсон байна. Шинээр илэрсэн тохиолдлын 319 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол Архангай аймагт 12, Баянхонгор аймагт 2, Өвөрхангай аймагт 7, Орхон аймагт 15, Төв аймагт 4, Хөвсгөл аймагт 2 хүнээс халдвар илэрсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ЭХЭМҮТ-2, Сүхбаатар, Сонгинохайран, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Увс, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Орхон, Хэнтий аймгийн эмнэлэгт нийт 1576 хүн эмчлүүлж байгаа. Одоогоор 1359 хүний биеийн байдал хөнгөн, 183 хүн хүндэвтэр, 27 хүн хүнд, 7 хүн нэн хүнд байна” гэв.
Түүнчлэн өнгөрсөн 24 цагт БНХАУ-ын 73 настай иргэн коронавируст халдварын улмаас нас барсан байна. Ингэснээр Монгол Улсад коронавирусний шалтгаант нас баралтын тоо 6 болжээ.

Сэтгэгдэл бичих