ОХУ дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Герман, Венесуэл, Шри-Ланка, Сири, Узбекистан, Тажикистан улсуудтай нислэгээ сэргээхээр болсон тухай тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
Москвагаас Дамаск, Душанбе, Ташкент, Коломбо хотууд руу долоо хоногт нэг удаа, Каракас хот руу хоёр удаа нислэг үйлдэх бол Герман руу Москва-Берлин-Москва чиглэлд долоо хоногт таван удаа, Москва-Майнын Франкфурт-Москва чиглэлд гурван удаа нислэг хийх аж. Санкт-Петербургээс Германы хотууд руу үйлдэх нислэгийг мөн ийм байдлаар зохион байгуулахаар болжээ.
ОХУ коронавирусний цар тахлын улмаас 2020 оны гуравдугаар сарын 27-ноос эхлэн гадаадад байгаа иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэгээс бусад агаарын тээврийн бүх харилцаагаа түр зогсоосон юм.
Тус улс өнгөрсөн оны наймдугаар сараас бусад оронтой нислэгээ аажмаар сэргээж байгаа бөгөөд одоогийн байдлаар Турк, Танзани, Швейцар, Египет, АНЭУ, Беларусь, Киргизстан, Казахстан, Серби, Өмнөд Солонгос, Япон, Этиоп, Финлянд, Вьетнам, Энэтхэг, Катар, Грек, Сингапур, Куба, Сейшелийн арал, Мальдив, мөн Азербайжан, Армен улсууд руу нислэг үйлдэхийг зөвшөөрчээ.