ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байгаа нэг сая тун Спутник-V вакциныг манай улс авахаар болсон талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудаснаа мэдээллээ.
Тэрбээр “ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байгаа нэг сая тун Спутник-V вакциныг манай улс авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна.
Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. Цаашид шийдлээ хүлээсэн олон хэлэлцээр хийгдэж байна. Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орнуудын нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биеллээ олж байна” хэмээн бичжээ.
Манай улс ОХУ-ын гарган авсан “Спутник-V” вакциныг өнгөрсөн сарын 27-нд хүлээн авсан. Ингэснээр тус вакциныг хүлээн авсан 23 дахь улс болсон юм.
Спутник-V вакциныг ердийн температур буюу цельсийн нэмэх 2-8 хэмд тээвэрлэж, хадгалах юм.