Коронавируст халдварын тохиолдол 437-гоор нэмэгджээ

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 437 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдсэнээс хойш нэг өдөр илэрсэн хамгийн олон тохиолдол болсон өчигдрийнхөөс гэхэд л огцом буюу 50 хувиар ихэссэн үзүүлэлт болж байна.

ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад өчигдөр нийт  14 936 хүнд шинжилгээ хийжээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 370 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол орон нутагт 67 тохиолдол батлагджээ. Тодруулбал,  Хөвсгөл аймагт 5, Дархан-Уул аймагт 6, Орхонд 18, Дорноговьд 3, Төв аймагт 26, Өвөрхангайд 3, Хэнтий аймагт 6 хүнээс халдвар илэрчээ.

Ингэснээр манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 6332 болж байна. Үүнээс дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нь 5796, Улаанбаатарынх 5287, аймаг, орон нутгийнх 509 болжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 106 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4 150 болж байна.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, СБД, СХД, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Увс, Өвөрхангай, Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварын улмаас нийт 1462 хүн эмчлүүлж байгаагаас 1243 нь хөнгөн, 194 нь хүндэвтэр, 18 нь хүнд, зургаан хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байгаа аж.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа, “Шинжилгээнд эерэг эзлэх хувь огцом нэмэгдсэн нь халдварын тархалт нэлээн өргөн байгааг илтгэж байна.  Тиймээс иргэд нийгмийн харилцаагаа аль болох багасгах, найз нөхөд, хамт олноороо цуглахгүй, онцын шаардлагагүй бол гадуур явахгүй, айлд зочлохгүй, гэртээ хүн хүлээж авахгүй байх зэрэг өөрийгөө халдвараас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай. Мөн амралтын өдрүүдээ гэртээ өнгөрөөхийг зөвлөж байна" гэв.

Сэтгэгдэл бичих