Японы Фүкүшима аймгийн Нараха хот дахь Үндэсний бэлтгэлийн төв “J-village” -аас 2021 оны гуравдугаар сарын 25-нд “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын галт бамбарын буухиа аялал эхэлж байна.
Жилийн өмнө Грекийн ариун дагшин Олимп уулын бэлнээ асаасан “Мөнхийн гал”-ыг Японд авчирсан ч цар тахлын улмаас “Токио-2020” хойшлогдсон тул Токио дахь Олимпын музейд хадгалагдаж байсан юм.
Олимпын галт бамбарын буухиаг зүгээр ч нэг Фүкүшимагаас эхлүүлээгүй. Өдгөөгөөс 10 жилийн өмнө Японд болсон аймшигт газар хөдлөлт, цунамигаас хамгийн их хохирол амссан энэ л газраас, дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлын хүнд үед “Hope Lights Our Way” буюу “Итгэл найдвар бидний замыг гэрэлтүүлнэ” хэмээх уриатай Олимпын галт бамбарын буухиа эхэлж буй нь бэлгэдэлтэй, ерөөлтэй аж.
Японы бүх 47 аймаг, 857 хот, суурин газрыг 121 хоногийн туршид туулан долдугаар сарын 23-нд Олимпын цэнгэлдэхэд морилох Олимпын галт бамбарыг 10 мянга гаруй хүн буухиалах юм.
Орон нутгийн цагаар өглөө 9.00 цагаас Олимпийн галт бамбарын буухианы гарааны ёслолд 2011 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга болж, хэдхэн сарын өмнө байгалийн гамшигт нэрвэгдэж, хатуу хүтүүг ханатлаа амсаад байсан ард түмнийхээ сэтгэлд итгэлийн гэрэлт Нарыг авчирч байсан Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийн гишүүд оролцох юм байна.
Олимпын бамбар нь Японы үндэсний бэлгэдэл болсон Сакура /cherry blossom/ цэцгийн дэлбээний загвартай, 71 см өндөр, 1,2 кг жинтэй гэнэ. Бамбарын бүтцийн 30 хувьд 2011 оны байгалийн гамшгийн дараа барьж байсан нийтийн түр хоргодох байрны бүтцэд ашиглагдаж байсан хөнгөн цагааныг дахин боловсруулсан материал оролцуулж, алдарт Шинкансэн хурдны галт тэрэгний үйлдвэрлэлд ашигласан технологоор бүтээсэн байна.
Мөн “Токио-2020” олимпын бамбар түүхэнд анхны устөрөгчийн хүчийг ашигласан галт бамбар болох юм. “Хүмүүн төрөлхтөн цар тахлыг ялан дийлэх их баяр, эв нэгдэл, найрамдлын бэлгэдэл болох “Токио-2020” олимпын наадмын галт бамбар та бидэнд гэрэл гэгээ, итгэл авчрахаар айсуй...” хэмээн АНУ дахь “Таван цагариг” сонины сурвалжлагч Ц.Энхтүвшин мэдээлж байна.