Энэтхэгийн эрх баригчид “Oxford-AstraZeneca”-гийн коронавирусний вакцины экспортыг түр зогсоосон тухай Их Британийн Гадаад хэргийн яамны эх сурвалжууд мэдээлжээ.
Албаны хүмүүсийн мэдээлснээр, экспортын хязгаарлалт дөрөвдүгээр сар дуустал үргэлжилж магадгүй байна.
Энэ шийдвэр нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын COVAX хөтөлбөр хэрэгжиж байгаа 190 орчим улсад нөлөөлж магадгүй гэж “NDTV” телевиз эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.
Энэтхэгийн Гадаад хэргийн яам болон тус улсын Ийлдсийн хүрээлэн (SII) дээрх мэдээлэлд одоогоор тайлбар өгөөгүй байна. Одоогийн байдлаар COVAX хөтөлбөр Энэтхэгээс 17.7 сая тун вакцин хүлээж аваад байгаа бөгөөд тус улс нийт 60 гаруй сая тун вакциныг дэлхийн 70 гаруй оронд нийлүүлжээ.
Сүүлийн үед Энэтхэгт коронавирусний халдварын тохиолдол ихсэж, вакцины дотоодын эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаатай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан гэж эх сурвалжууд таамаглаж байгаа аж.