Коронавирусний батлагдсан тохиолдол Дархан-уул аймагт 20 болжээ

оруулсан Алсын Хараа

Дархан-Уул аймгийн хэмжээнд коронавирусний шинээр бүртгэгдсэн тохиолдол 20 боллоо. Үдээс өмнө зургаан тохиолдол бүртгэгдсэн бол 16.00 цагийн байдлаар нэмж гурван тохиолдол батлагджээ. Эдгээр батлагдсан тохиолдлууд өмнө нь илэрсэн 11 иргэний ойрын хавьтлууд аж.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн "Сэмжид-Хужирт" сувиллаас эх үүсвэртэй 7 иргэний ойрын хавьтлаас 8, "Саран-Элит" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан эх үүсвэр тодорхойгүй иргэний хүүхдээс нь коронавирус илэрсэн байна. Ойрын хавьтлууд бүгд тусгаарлалтад байсан аж. Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдыг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна. Түүнчлэн эх үүсвэр нь тодорхойгүй батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болон маршрутыг тодорхойлох тандалт үргэлжилж байна.

Аймгийн онцгой комиссын үдээс өмнөх хуралдаанаар гарсан шийдвэрийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц, ААНБ-уудад ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр болсон. Мөн аймгийн хэмжээнд 4 ажлын хэсэг гарч байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж байгаад хяналт тавьж байна. Томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн зардлаар ажилчдынхаа 30 хүртэлх хувийг шинжилгээнд хамруулахыг үүрэг болголоо. ЕБС, СӨББ-уудын үйл ажиллагааг хязгаарласантай холбогдуулан БСУГ-аас эцэг эхчүүдэд хандан хүүхдүүдээ гэрээс гаргахгүй байх тал дээр мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих