УИХ-ын Хүнд үйлдвэрлэлийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого болон Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөрт тусгасан ажлын явцын талаар танилцуулав.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, нефть-хими, кокс-хими, металлургийн үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, нүүрс-хими, нүүрс-эрчим хүч, метан хийн үйлдвэрлэл, технологийн парк, ган төмөрлөгийн үйлдвэр, жонш баяжуулах үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулахаар зорин ажиллаж буйг тэрбээр мэдээллийн эхэнд дурдав. Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын исэлдсэн болон бага агуулгатай хүдрийг HL-SX-EW технологиор боловсруулж, жилд 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийг 2022 онд, тус “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмалд тулгуурлан жилд 124.1 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Мөн “Оюу Толгой” ХХК-ийн үйлдвэрлэх зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулан катодын зэс үйлдвэрлэж, экспортын орлогыг нэмэхээр төлөвлөж байна. Ингэснээр катодын зэсийн экспортоос жилд 2 тэрбум ам.долларын орлого олох боломжтой болно хэмээв. Бусад салбарын хувьд, олон улсын стандартад нийцсэн үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, дотоодын гангийн хэрэглээний 30-50 хувийг хангах зорилгоор жилд 350 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн цогцолборыг 2024 онд ашиглалтад оруулах, төмрийн хүдрээ дотооддоо боловсруулж, ган, төмөр бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах, улмаар нэмүү өртөг шингээж экспортлох зорилт тавьсныг онцолсон юм.
Танилцуулгын дараа УИХ-ын гишүүн, Хүнд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Г.Тэмүүлэн, "Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих, үйлдвэржилтийн бодлогыг боловсронгуй болгох зорилгоор бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх шаардлагатай. Иймд шинэ техник, технологи нэвтрүүлэх, судалгаа, туршилт хийх, шинэ зах зээлд нэвтрэхэд үйлдвэрлэгч нарт төрөөс дэмжлэг олгох, бүтээн байгуулалтын газрын асуудлыг төрөөс шуурхай шийдвэрлэх, хүнд үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдэд төрөөс үйлдвэрлэлийн зориулалттай зээл олгодог болох, зээлийн эргэн төлөлтийн хугацааг уртасгах шаардлага үүсээд байна" гэлээ.
Ийнхүү дэд хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв.