Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки цол хүртэхэд 2 даваа үлдлээ

оруулсан Алсын Хараа

Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээний 10 дахь өдөр Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Сэкиваке Таканошотой учраа таарч, түүнийг ёрикири мэхээр унагаж 8 даваа, 3 унаатай боллоо.

Харү башёгийн 10 дахь өдрийн байдлаар Комүсүби Такаясү 9 даваа, 2 унаатай ганцаараа тэргүүлж байгаа бол өнөөдөр өрсөлдөгч бөхөө давсан Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озэки Асанояама, Тобизарюү /М-8/ нар  адил 3 унаа, 8 даваатай болж Такаясүгээс 1 давааны дутуу нэхэж явна.

Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Вакатакакаге /М-2/-тэй барилдаж, ошидаши мэхээр унаж 5 даваа, 6 унаатай болсон бол Ичиножёо А.Ичинноров /М-6/, Мэйсей /М-2/-тэй барилдаж, түүнд ёрикири мэхээр ойчиж, 6 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Энэ өдрийн барилдаанд Хошёорюү С.Бямбасүрэн /М-9/, Окиноүми /М-5/-тэй учраа таарч, түүнийг сүкүинаге мэхээр хаяж, 7 даваа, 4 унаатай боллоо. Харин Чиёошома Г.Мөнхсайхан /М-13/ энэ өдөр Хиденоүми/М-15/-тэй барилдаж, түүнд ёрикири мэхээр унаснаар 5 даваа, 6 унаатай болов.

Энэ башёд хүч үзэж байгаа гурван Озэки цолтнууд энэ өдөр анх удаа бүгд өрсөлдөгчдөө давлаа. Такакэйшо, Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/-г цүкидаши мэхээр унагаж 7 даваа, 4 унаатай боллоо. Харин Озэки Асанояама, Мёогирюү /М-4/-г ёрикири мэхээр хаяж, 9 даваатай Такаясүгийн араас Тэрүнофүжи болон Тобизарюүгийн хамт нэхэж байна.

Энэ өдрийн хамгийн эгзэгтэй, олны анхаарлыг татсан барилдаан озэки Шодай, Комүсүби Такаясү нарын хооронд өрнөсөн юм. Озэки Шодай энэ өдөр башёг тэргүүлэгч Комүсүби Такаясүг цүкидаши мэхээр унагаж, 6 дахь даваагаа авсан бол Такаясү 2 унаатай болж нэхэж яваа бөхчүүдэд боломж олголоо.

Сэтгэгдэл бичих